АНУ-ын Мэйн мужийн багш Нэнси Атвел дэлхийн хамгийн шилдэг багшаар шалгарч, нэг сая ам.долларын шагнал гардлаа. “Varkey Foundation” сангаас санаачлан Дэлхийн шилдэг багшийн шагналыг энэ жилээс гардуулж эхэлсний анхных нь Нэнси Атвел болж байгаа юм. Тэрээр 1990 онд уншлага, бичлэгийн заах аргыг сайжруулахаар боловсролын төв байгуулж, энэ талаар хэдэн арван ном бичиж байжээ. Түүнтэй хамт 10 багш энэ шагналын төлөө нэр дэвшсэн бөгөөд шагналыг Дубайд болсон Дэлхийн боловсрол, ур чадварын форумын үеэр гардуулсан байна.
Тэрээр шагналын мөнгөө өөртөө зориулахгүй, боловсролыг сайжруулах талаар нийтэд тустай үйл хэрэгт зарцуулна гэж амлажээ. Дэлхийн шилдэг багш хэмээх энэ шинэ шагналыг багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, энэ мэргэжилд шилдгүүдийг татах зорилгоор үүсгэсэн гэж АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клинтон шагнал гардуулах үеэр мэдэгдсэн юм.