Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Bella: Нүүрээ гоё будуулсан эмэгтэй урам зоригтой болдог

Б.ЦЭДЭВСҮРЭН

Урин хавар ирж байна. Бүсгүйчүүд маань гоо үзэмжээрээ гоёдог цаг. Тиймээс энэ хаврын гоёлд нь бага ч болов санаа өгөх үүднээс make-up artist Bella-тай нүүр будалтын талаар ярилцлаа.

-Нүүр будалт зарим эмэгтэйн хувьд хувцас, заримынх нь хувьд өөртөө итгэх итгэл нь болсон байдаг. Гоо сайханч хүний хувьд нүүр будалт гэдгийг тайлбарлаж өгөөч?
-Нүүр будалтын талаар хамгийн товчоор онож хэлсэн үг бол нүүрээ будаагүй эмэгтэй хүн дайнд зэвсэггүй орж буй цэрэгтэй адил гэж. Яг л адилхан. Нүүрээ будаагүй эмэгтэйн зан харилцаа хүртэл өөр болчихдог. Нүүр будалт бол маш эртнээс үүссэн. Өөрийн давуу талаа ил болгож, сул талаа далдлах мөн үг яриагүйгээр өөрийгөө бусдад илэрхийлэх нэг хэрэгсэл бол нүүр будалт. Нүүр будалт маш олон төрлөөр хөгжиж байна. Үс засалт, нүүр будалт, өмссөн хувцас нийлж байж тухайн хүнийг бүрэн илтгэж чадна. Дэлхийд батлагдсан судалгаагаар нүүрээ сайхан буддаг эмэгтэйн амжилт бусдынхаас илүү байдаг. Бодит амьдралаас ч үүнийг харж болно.

-Сая нүүр будалт олон төрлөөр хөгжиж байна гэлээ. Таны нүүрийг нь будсан охидын зургийг харахаар тухайн хүнийх нь онцлогт тохируулсан юм шиг санагддаг. Зураг бүрээс өөр өнгө төрхийг хардаг л даа...
-Би Солонгост урт хугацаагаар амьдрахаар олон жилийн өмнө явсан. Анх тэнд  очиход бүх эмэгтэй нэг л адилхан царайтай харагдсан. Уг нь, хүн бүр өөр өөрийн гэсэн  давтагдашгүй царайтай. Гэтэл зурагтаар гарч байгаа хамтлаг дуучид нь хүртэл адилхан царайтай харагддаг байлаа. Есөн охинтой хамтлаг байдаг юм. Яг нэг хүнийг есөн удаа хэвлээд тавьчихсан юм шиг харагддаг. Гэхдээ удах тусмаа арай өөрөөр ялгаж харах болсон. Тэднийг адилхан харагдуулаад байсан гол шалтгаан нь нүүр будалт байв. Улс орон бүр өөрийн гэсэн үндсэн нүүр будалтын аргатай. Гоо сайханчид нь нэг загвар гаргахад л түүнийг эмэгтэйчүүд дуурайдаг. Яг л хувцасны загвар шиг. Одоо бүр дэлхий нийтээрээ дагадаг “к-поп”, “beauty make-up” гэхчилэн хэв маяг гарчихлаа. Гадаадын академиудад хичээл заахдаа Европ, япон, орос нүүр будалт гэж ангилдаг. Би ч гэсэн тэгж л заадаг. Над дээр ирдэг хүмүүс ямар нэг үйл ажиллагаанд зориулж нүүрээ будуулдаг. Хэн ч өдөр бүр мөнгө төлөөд нүүрээ будуулахгүй шүү дээ. Чухал шаардлагатай хүмүүс л ирнэ. Тэгж ирдэг хүмүүсийн 90 хувь нь “Энгийн будалт хийгээд өгөөч” гэдэг. Цэвэрхэн, будсан ч будаагүй юм шиг харагдуулаарай гэнэ. Хүмүүс ер нь өөрчлөлтөд дасаагүй байдаг. Тийм учраас өөрийнх нь хэлснээр л будаад явуулдаг. Тийм хүмүүсийн зургийг би хэзээ ч авч үлддэггүй.
Харин би өөрийнхөө хүслээр будалт хийсэн охидын зургийг фейсбүүкдээ тавьдаг. Монголчуудын хувьд орон орны цуглуулга шиг царайтай. Солонгос хүнийг хаана ч явсан царайгаар нь хараад таньж болдог, оросуудыг ч тэр. Ер нь, орон орны хүмүүсийн царайны онцлог гэж бий. Сүүлийн үед монголчуудын царай эрлийзжээд яг монгол хүн гэж танихад бэрх болсон. Монгол хүн гэхээр л том шанаа, онигор нүдтэй гэж төсөөлдөг. Одоо бол тийм биш болж. Тиймээс би монголчуудын царайд орон орны нүүр будалтыг хольж хийхийг хүсдэг. Сонирхолтой байлгах үүднээс янз бүрийн царайтай хүмүүсийг сонгож, будалт хийдэг ч монголчуудад ямар ч будалт зохидог юм. Үүгээрээ бусад орон шиг нэг хэвэнд оруулсан хэлбэр байх ёсгүй гэдгийг л харуулах гээд байгаа юм.
Миний зорилго гэж хэлж болно.

-Нүүр будалт урлаг болтлоо хөгжиж байна. Зураач, зохиолч гэдэг юм уу уран бүтээлчдийн дотор өөрийгөө дахиад давтчих вий, бусдыг санамсаргүйгээр дуурайчих вий гэсэн айдас үргэлж байдаг юм шиг санагддаг. Таны хувьд уран бүтээлийн шинэ санааг хаанаас авдаг вэ?
-Өөрийнхөө нэг хийсэн зүйлийг дахиж хийх дургүй. Байнга шинэчлэгдэж, өөрчлөгд­дөг. Өөрийнхөө дотоод ертөнц, гадаад ертөнц гээд бүх л зүйлээс санаа авдаг. Тухайн хүний нүүрний хэлбэрийг л зөв хуваарилж чадвал ямар ч будалт гоё болдог. Шинэчлэл надад ус агаар шиг хэрэгтэй. Шинэ хийсэн зүйлээсээ урам зориг, эрч хүч авдаг. Бусдаас өөр байхыг хичээдэг. Тэр хэрээр үүнийгээ бусдад мэдрүүлэхийг хүсдэг.

-Нүүр будалтаар дам­жуулаад “Чи бусдад ингэж харагдаж болох нь” гэж хэлж байгаа юм шиг санагддаг. Харин энэ нээлтийг тухайн эзэн хүлээн аваад сэтгэл хөдлөлөө гаргаж байгааг харах сайхан байх. Таны хувьд өөрчлөлт хийхийг хүссэн хүмүүсээ фейсбүүк хуудсаараа дамжуулаад өөрөө сонгодог...?
-Би захиалгаар будалт хийхийн хажуугаар хүмүүст үнэгүй будалт хийж өгдөг. Амьдралдаа тохиолдсон янз бүрийн хүчин зүйлээс болоод өөртөө итгэхээ больсон бүсгүйчүүд байна. Би угаасаа л ийм гээд тэр үзэлтэйгээ эвлэрчихсэн. Гоё болно гэж хэзээ ч бодохоо больсон нь ч байна. Гэтэл эмэгтэй хүн чинь цэцэгтэй яг л  адилхан. Усалж тордсоны хэрээр ургадаг.
Нүүрийг нь будаж өгснөөр тухайн хүнд маш их урам зориг өгдөг. Би амьдралдаа өөрийгөө ингэж харагдана гэж бодож байсангүй гэж ирээд сэтгэгдлээ хэлдэг. Амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөж байгаа хүн ч байна. Үүнийг би өөрийнхөө хийх ёстой зүйл л гэж бодоод ажил болгож хийдэг. Монголын нэг ч гэсэн эмэгтэйд өөрийнхөө чаддаг зүйлээр өөртөө итгэх итгэлийг бий болгож байна. Гадаад үзэмждээ сэтгэл ханадаггүй, ямар нэг асуудлаас болоод стресст орсон эмэгтэй өөрийгөө өөр өнцгөөс харсны дараа нөгөө стресстүүлээд байсан бүх асуудал нь юу ч биш байсан юм шигээр төсөөлдөг. Нүүрээ гоё будаад өөрчлөгдсөн эмэгтэй өнгөрсөн бүхнийг юу ч биш байсан гээд хүлээгээд авчихсан болохоор цаашид ямар ч зүйлийг хийх урам зоригтой болчихдог юм байна билээ. Мөн бүх зүйлийг туршиж үзэх зоригтой болдог. Өөрийгөө өөрчлөх гээд төлбөр төлөөд ирж байгаа бүсгүйчүүдтэй үүнийг харьцуулахын аргагүй л дээ. Өөрийнхөө хүсэлтээр ирж байгаа хүнийг би заавал сонсох хэрэг гардаг. Тэгэхээр нөгөө л энгийн, даруухан гэдэг үгийг сонсоно. Харин хэн нэгэн бүсгүйг сонгоод шууд өөрчлөлт хийхээр тэр хүн өөрчлөлтийг маш хүчтэйгээр мэдэрч чаддаг. Яг нэг жилийн өмнөөс би энэ ажлаа эхлүүлсэн. Хүн бүрийн амьдралд тодорхой нэг өөрчлөлтийг хийж чадаж байгаадаа урамшаад өдөр бүр нэг хүнийг будаж өгөхийг хичээх болсон. Урд орой нь сонгосон хүнээ унтахаасаа өмнө бодно. Энэ хүний царайг хэрхэн өөрчлөх билээ гээд л.

-Эмэгтэйчүүд нүүр будалт хийхдээ юун дээр илүү алдаж байна вэ?
-Эмэгтэйчүүдэд хамгийн үнэтэй зүйл бол арьс. Сайхан харагдах гээд арьсаа алж болохгүй. Хамгийн гол нь зөв дарааллаар л нүүрээ будах хэрэгтэй. Бүсгүйчүүд мэдэхгүйгээсээ болоод буруу дарааллаар нүүрээ будсанаас нүхжилт, хуурайшилт, хөгшрөлт, янз бүрийн арьсны өвчлөлтэй болдог. Зөв дарааллаар будаж хэвшвэл урт удаан хугацаанд арьсаа залуугаар нь хадгалж үлдэх боломж­той. Мөн нүүрний харьцаагаа зөв хуваарилж будах хэрэгтэй.
Бүсгүйчүүд дэлгүүрт явж байгаад л хоббигоороо хэрэгтэй хэрэггүй гоо сайхны бүтээгдэхүүн авдаг. Түүнийгээ хожим хэрэглэсэн ч зүйлгүй хугацааг нь дуусгачихдаг. Хэрэв нүүрээ зөв дарааллаар будаад сурчихвал эдийн засагтаа ч тэр хэмнэлт хийж чадна. Бүх будалтад тохирдог бүтээгдэхүүнүүд ч бий. Нүүр будалтын бүтээгдэхүүнүүд үргэлж шинэчлэгдэж байна.

-Дараалал гэхээр гоо сайхны бүтээгдэхүүний хувьд хэлж байна уу. Будалтын хувьд хэлж байна уу?
-Аль аль нь. Нүүрний бүтэц, арьсны онцлог, ямар зориулалттай будалт гэдгээс хамаараад дараалал, бүтээгдэхүүн өөрчлөгддөг.

-Хүмүүс нүүрээ будахдаа нүдний будагтаа их анхаарах болж. Таны хувьд будалт хийхэд хамгийн ярвигтай хэсэг аль нь вэ?
-Уруул. Нүүр будалтад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайн хүн уруулаа ямар өнгөөр хэрхэн будсанаас хамаараад нүүр будалт тэр чигээрээ өөрчлөгддөг.
 
-Өнгөрсөн шинэ жилээр нэг гоо сайхны дэлгүүрт орсон чинь нил ягаан өнгийн уруулын будаг маш их эрэлттэй байгаа талаар худалдагч нь ярьж байсан. Уруулын будагны өнгөний хувьд юу хэлэх вэ?
-Моодонд орж байгаа өнгийг сонгож болно. Гэхдээ ямар ч өнгийг сонгосон өөрийнхөө уруулын хэлбэрээ л зөв гаргах хэрэгтэй. Ер нь, бүсгүйчүүд өдөр болгон уруулаа будах ёстой. Хэлбэр гэхээр өөрийнхөө уруулын хэлбэрээр биш царайндаа тохирсон хэлбэрээр эхлээд зураад дараа нь будвал илүү сайхан харагдана.

-Гоо сайхны мэс заслыг хэрхэн хардаг вэ?
-Мэс засал хийлгэхгүйгээр нүүр будалтаар өөрийнхөө хүссэн дүрд хувирч болно. Шивээс, контур, мэс заслыг сайшаадаггүй ээ. Бурхнаас заяасан төрхийг сайхан авч явах нь л чухал. Гэхдээ мэс заслыг үгүйсгэж байгаа юм биш. Тухайн хүний л сонголт. Хамгийн гол нь ирээдүйгээ л бодох хэрэгтэй. Ганцхан өнөөдрөөр амьдрахгүй. Хөгширнө. Ер нь, ямар нэг мэс ажилбар хийлгэсэн хүн сэтгэл хангалуун байхыг хараагүй юм байна шүү. Тиймээс чадлынхаа хэрээр үүнтэй тэмцэж л байна.

-Эмэгтэйчүүд загварыг даган дуурайх дуртай. Нүүр будалтын хувьд энэ оны тренд гарсан болов уу?
-Олон улсын гоо сайхны хамгийн том тэмцээн хоёр жил тутамд болдог. Манайхаас өнгөрсөн жил үсчин, гоо сайхан, маникур гээд бүтэн багаараа оролцоод ирсэн. Энэ тэмцээнээс хоёр жил тутамд нүүр будалт, үс засалтын тренд гардаг. Ирэх жил шинэчлэгдэнэ. Энэ жилийн хувьд байгалийн өнгө зонхилж байна. Өнгө хамгийн чухал. Хүн бүр дулаан зүйлд дурладаг. Тэгвэл бусдад сайхан харагдахын тулд дулаан өнгө сонгох хэрэгтэй. Эмэгтэйчүүд маань цагаан царайтай болох гэж хичээдэг. Байгалийн шаргал, арьсандаа тохирсон суурь тавьснаар заавал нүдээ том болгож будах шаардлагагүй. Үс нүүр будалт хоёр салшгүй холбоотой. Манай үсчдийн хувьд аль хэдийнэ олон улсын тавцанд өөрсдийн оргилоо тогтоосон. Харин нүүр будалт одоо л хөгжиж байна.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан