Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд анхны тулаанаа маргааш хийнэ.
Тухайлбал, энэ баасан гарагт буюу 2015 оны гуравдугаар сарын 13-нд АНУ-ын Онтарио хотын “Citizens Business Bank Arena” хэмээх 11000 хүний суудалтай ордонд хийнэ. Н.Төгсцогт 22 настай, мэргэжлийн боксын нэртэй дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос Анжелес хотноо бэлтгэлээ хийж байгаа юм. Тэрбээр анхны тулаанаа Premier Boxing Champions-ийн хүрээнд болох Берто-Лопес, Портер-Гарсиа нарын гол тулааны өмнө тоглохоор болжээ. Онтарио хот нь Лос Анжелесийн даунтаунаас зүүн зүгт 35 миль зайд оршдог. Баасан гарагийн 18 цагт эхлэх энэ оройн тулааныг Spike TV сувгаар шууд үзүүлнэ.