Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэг муу и-мэйлээр зогсох ч хэрэг биш

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон сүүлийн хэд хоног чихнээс нь хонх уяад, амар заяаг нь үзүүлэхгүй байгаа цахим шуудангийнхаа тухай олон нийтэд тайлбар өглөө.

Тэрээр Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ дүрэм журмын дагуу төрийн албаны цахим хаяг ашиглахын оронд өөрийн хувийн и-мэйл хаягаа ашиглаж байсан нь саяхан олон нийтэд ил болсон. Төрийн хариуцлагатай албан тушаалтан байж албаны хэрэгтээ хувийн цахим шуудан ашигласан энэ явдал нь Хиллари Клинтоныг нэг хэсэгтээ хэвлэлийн бай болгоод байгаа билээ. Ялангуяа ирэх 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхээ өнөө маргаашгүй зарлана гэж олон нийт хүлээж байгаа энэ үед ийм асуудал дэгдсэн нь Хиллари Клинтоны хувьд нэг муу и-мэйлээр зогсох ч хэрэг биш, түүнээс ч илүү хор уршиг дагуулж мэдэхээр болсон юм. Тийм ч учраас тэрээр хэвлэлийнхэнд хандан яагаад хувийн цахим шуудан ашиглаж байснаа тайлбарлалаа. Гэвч түүний тайлбар тун энгийн. Ердөө л амар хялбар, ажил хэргийн харилцаа холбоогоо явуулахдаа ч өөртөө эвтэйхэн байлгах гэж хувийн цахим шуудангаа албан ажилдаа ашигласан гэнэ.

Ингэхдээ тэрээр албаны болон амины цахим шуудангийнхаа аюулгүй байдал, нууцлалыг сайн хамгаалж байсан гэдэгтээ итгэлтэй байна. Учир нь, хатагтай Клинтоны цахим захидал харилцаа Клинтоны гэр бүлийн Нью-Йорк дахь гэрийнх нь хувийн серверт байршдаг бөгөөд АНУ-ын төрийн засаг захиргаа, төрийн байгууллагын кибер аюулгүй байдлыг хариуцдаг Аюулгүй албаныхан тэр серверийг давхар хамгаалж байдаг аж.

Экс төрийн нарийн бичгийн дарга хувийн и-мэйл хаяг ашиглаж байсан нь илэрсний дараа Төрийн департментаас Хиллари Клинтоныг бүх цахим шуудангаа архивт хүлээлгэж өгөхийг хүссэн. Харин хатагтай Клинтон дөрвөн жилийн хугацаанд илгээсэн 60 мянга гаруй и-мэйлээсээ хувийн шинж чанартай 30 орчим мянгыг нь устгаад, албан хэрэгт хамаарах үлдсэн хэсгийг нь Төрийн департментад өгөхөөр болсон байна.

Түүнийг яагаад цахим шуудангийнхаа тал хувийг устгас­ныг хэвлэлийнхэн ихээ­хэн сонирхоход Хиллари Клинтон тэдгээр захидлуудад “Челсигийн хурим, ээжийн оршуулга, иогийн хичээлийн хуваарь, гэр бүлийн амралт” гэх мэтчилэн хувийн амьд­ралынх нь өдөр тутмын энгийн зүйлс агуулагдаж байсан учраас хэмээн хариулжээ.

Ямартай ч, Хиллари Клинтоны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үедээ илгээсэн албаны 55 мянган хуудас шахам цахим шууданг төр хүлээн аваад зохих ёсоор хадгалах юм байна.

Ирэх сарын 1 гэхэд 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайгаа олон ний­тэд зарлах төлөвлөгөөтэй гэлцэж буй хатагтай Клинтон хэдийгээр дүрэм зөрчиж, хувийн мэйлээ улсын ажилд ашигласан ч бүх зүйлийг хуулийн дагуу хийж байсан гэж олон нийтэд итгүүлэхийг хүсч байна. Тэрээр цахим шуудангаараа нэг ч удаа төрийн нууц баримт материал илгээж байгаагүй учраас ямар нэг аюул эрсдэл учраагүй гэж үзэж байгаа юм. 

Гэсэн ч дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хамгийн өндөр магадлалтай улстөрчийн хувьд Хиллари Клинтоны энэ алдааг сөрөг хүчин Бүгд найрамдах намын зүгээс зүгээр ч нэг хайхрамжгүй явдал мэтээр үл тоон өнгөрүүлэхгүй нь лавтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан