Оросын Төрийн Думын дэд дарга Игорь Лебедевт АНУ виз олгохоос татгалзжээ. Уг нь тэрээр Вашингтонд болох Арктикийн бүс нутгийн парламентчидын байнгын хорооны хуралд оролцох ёстой байж. Энэ сарын 9-12-нд үргэлжилсэн хуралд Оросын хэд хэдэн төлөөлөгч оролцсоноос Игорь Лебедев парламентын гишүүдээ ахалж явах ёстой байжээ. И.Лебедевийн хувьд АНУ-ын хориг тавьсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад багтаагүй атал ингэж виз олгохоос татгалзсан нь санаатай үйлдэл гэж үзэж байгаагаа тэрээр мэдэгдсэн байна. Түүнээс бусад бүх төлөөлөгч АНУ-ын тал урилга илгээснээс хоёр хоногийн дараа визээ авсан бол И.Лебедевийн тухайд ЭСЯ-наас эерэг, сөрөг ямар ч хариу өгөлгүйгээр хурлын хугацааг тулгасан байна.
Арктикийн бүсийн парламентчидын байнгын хороонд АНУ, Канад, Дани, Финлянд, Исланд, Норвеги, Орос, Швед багтдаг аж.