Бельгийн хэсэг жуулчид Франц дахь Альпийн нурууны Ла Плане хэмээх амралтын баазыг зорин нутгаасаа гарсан боловч автобусны зам заагч GPS алдаа гаргасны улмаас 1200 км зам илүү туулжээ. Бүтэн нэг хоног давхиад зорьсон газраа ирж чадаагүй жуулчид буруу замаар яваад байгаагаа жолоочоосоо түрүүлж мэджээ. Тэд төөрчихөөд байгаагаа жолоочдоо ойлгуулахын тулд газрын зураг нэлээн судлах хэрэгтэй болсон бөгөөд GPS-ээр заасан Ла Плане гэсэн ижил нэртэй гурван өөр газраас бурууг нь сонгосноо жолооч хожимдож ойлгосон байна. Альпийн нурууг зорих ёстой автобусны жолооч Ла Плане гэдэг ижил нэртэй тосгонтой андууран тийш заасан замаар давхичихсан байжээ. Тэр нь очих ёстой Ла Планегийн цанын баазаас 600 километрийн зайтай, цас ордоггүй, жижигхэн тосгон аж. Хэдийгээр 1000 гаруй километр илүү зам туулж алжааж ядарсан ч аялагчид замдаа Газрын дундад тэнгис хүртэл харж амжсан болохоор төдий л уурлаж бухимдаагүй гэнэ.