“Монголын Ардчилсан холбооны түүхэн товчоо 1989-1990” номын өмнөтгөлд УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга “Энэхүү номыг зохиогчид холбогдох эх сурвалжууд, тэдгээрийн агуулгаар 1990 онд Монголын Ардчилсан холбооны үйл ажиллагаа төв орон нутагт хэрхэн өрнөж, ямар сорилт туулсныг тодруулахыг чармайжээ. Монголын Ардчилсан хувьсгал, МоАХ-ны нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, хувь хүний хүчин чармайлтыг хэвлэлийн хуудаснаас олж нэгтгэх үүднээс 25 жилийн баримт материалыг цуглуулж цаасан болон цахим хэлбэрээр дотоод гадаадын эрдэмтэн судлаач, уншигчдын хэрэгцээнд байнга эргэлтэнд оруулах, он дарааллаар баяжуулах зайлшгүй хэрэгцээ бий. Цаашдаа 1991 оноос хойшхи ардчиллын түүхийг үечилсэн байдлаар МоАХ-ны үйл хэрэгтэй холбосон цуврал бүтээлүүд гарах болно. “Монголын Ардчилсан холбооны түүхэн товчоо 1989-1990” хэмээх энэ бүтээл нь цаг үеэ олсон” гэж дүгнэн бичжээ. Ардчилсан хувьсгалын түүх гэдэг Монголын Ардчилсан Холбооны түүх билээ. Тиймээс Монголд ардчиллын салхи сэвэлзсэн бас хувьсгал болон өрнөж, нэг нийгмийг нөгөөгөөр сольсон энэ л түүхэн өдрүүдийн бодит үнэн баримтыг ““Монголын Ардчилсан холбооны түүхэн товчоо 1989-1990” номонд баринтаглажээ. “Ардчилсан холбоо үүссэн нь”, “МоАХ-ны Анхдугаар Их хурал”, “Улс төрийн өлсгөлөн ба МАХН-ын улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, социализм нуран унасан нь”, “МоАХ-ын анхны шаардлагууд биелж, МоАХ зөвшөөрөгдөж эхэлсэн нь”, “МоАХ нийслэлд ба хөдөө орон нутагт” гэсэн таван бүлэг бүхий энэхүү ном эрдэмтэн судлаачид төдийгүй хүүхэд багачууд гээд ардчилсан хувьсгалын түүхийн талаарх үнэ цэнэтэй мэдээллийг олж авахыг хүсэх хэн бүхэнд бодит хэрэглэгдэхүүн болж чадах юм.