АНУ-ын хоёр экс Ерөнхийлөгчийн гэр бүлийн гишүүн ирэх 2016 оны сонгуульд хүч үзэх магадлалтай байгаа. Тэдний нэг нь олон жилийн өмнөөс яригдсаар ирсэн Билл Клинтоны эхнэр Хиллари Клинтон бол нөгөөх нь Бушийн гэр бүлийн төлөөлөгч Жеб Буш юм. Улс төрийн элит гэр бүлээс гаралтай энэ хоёр улстөрч хэрвээ сонгуульд нэр дэвшвэл хэн нь олон санал авах тухайд рейтинг тогтоох судалгаа хийсэн байна. Уолл Стрит сэтгүүл болон NBC телевизийн мэдээний хамтарсан санал асуулгаар экс тэргүүн хатагтай, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны тухай санал асуулгад оролцогчдын 44 хувь нь эерэг, 36 хувь нь сөрөг бодолтой байгаа нь ажиглагджээ. Тэгвэл Флорида мужийн захирагч асан Жеб Бушийн тухайд олон нийтийн ердөө 23 хувь нь эерэгээр харж байхад, 34 нь сөргөөр хардгаа хэлсэн байна.
Хэрэв Хиллари Клинтон нэрээ дэвшүүлэхээр шийдвэл Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөнө. Жеб Бушийн тухайд мэдээж Бүгд найрамдах намаас нэр дэвшинэ. Сонгуулийн өмнөх намын дотоод сунгааны хувьд хатагтай Клинтоны дэмжлэг хүлээх магадлал ч өндөр байгаа аж.
Намын сунгаанд санал өгөх эрхтэй сонгогчдын 86 хувь нь түүнийг дэмжихэд бэлэн гэсэн санал асуулгын дүн ч гарчээ. Харин Жеб Бушийн хувьд Бүгд найрамдах намаас гарч ирэхийн тулд өрсөлдөгчидтэйгөө нэлээд хүчтэй тэмцэх хэрэгтэй болох нь. Түүний нам доторх дэмжлэг 49 хувьтай байгаа бөгөөд 42 хувь нь өөр нэр дэвшигчид саналаа өгөх бодолтой байгаа гэнэ.