“Vogue” сэтгүүлийн эрхлэгчдийн нэг, Германы язгууртан Элизабет вон Турн Таксис “Instagram” хуудсан дээр нийтэлсэн зургаасаа болж шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр Парис дахь загварын долоо хоногийг үзэж сонирхож явахдаа гудамжинд амьдардаг эмэгтэй “Vogue” сэтгүүл уншиж буй агшныг зурагт буулган авчээ. Ингэхдээ тэрээр “Парис гэнэтийн бэлгээр дүүрэн юм.
Санаанд оромгүй газар хүртэл манай уншигчид байх юм” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн нь дагагчдынх нь дургүйцлийг төрүүлж, түүнийг үнэхээр “мэдрэмжгүй”, “харгис” гэх мэтээр шүүмжилж эхэлжээ. Эхэндээ тэрээр өөрийгөө өмгөөлж байсан ч энэ явдал зөвхөн өөрөөр нь зогсохгүй “Vogue” сэтгүүлийн нэр хүндэд ч нөлөөлж мэдэхээр болсон тул дэмий зураг авч, оновчгүй тайлбар хийсэндээ хүлцэл өчжээ. Өөрийнх нь зураг ингэж олны хэл амны бай болж байгааг гудамжинд амьдардаг эмэгтэй олж мэдээд ихэд уурласан гэнэ. Тэрээр “Ядуу байх, гудамжинд амьдрах гэдэг огтхон ч хөгжилтэй сэдэв биш. Гудамжинд амьдардаг хүмүүсийн зургийг авах нь бүдүүлэг хэрэг” хэмээн дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.