Зааны ясан эрэг улсын тэргүүн хатагтай асан Симоне Гбагбод шүүхээс 20 жилийн хорих ял оноожээ. Түүнийг 2010 оны сонгуулийн дараа гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүч хэрэглэн дарахад оролцсон хэмээн буруутгаж ийн шийтгэсэн байна.
Түүний нөхөр, Ерөнхийлөгч асан Лорен Гбагбо мөн энэ хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдсан ч хэргийг нь хараахан хэлэлцэж эхлээгүй байгаа юм.
2010 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Лорен Гбагбо ялагдлаа үл хүлээн зөвшөөрсний улмаас сонгогчид эмх замбараагүй байдал үүсгэн улмаар хууль хүчний байгууллага хүч хэрэглэн тараасан юм. Энэ үймээн самууны үеэр 3000 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд экс Ерөнхийлөгчийг гэр бүлийнх нь хамт 2011 онд баривчилсан. Лорен Гбагбог хүн амины хэрэг, хүчин, хавчлага мөрдлөг явуулсан гээд дөрвөн зүйл ангиар буруутган Гаагийн шүүхээр хэргийг нь хэлэлцэх гэж байгаа бол эхнэрийг нь олон нийтийг эмх замбараагүй байдалд оруулж, зэвсэгт бүлэглэл зохион байгуулсан гэдгээр ялласан байна. Гэхдээ экс тэргүүн хатагтайд прокуророос 10 жилийн ял төлөвлөсөн байсныг шүүхээс 20 жил болгон оноосон аж. Үүнд экс Ерөнхийлөгчийн гэр бүл гомдолтой байгаа бөгөөд давж заалдана гэдгээ охин нь мэдэгдсэн байна.