ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэсэг хүнийг төрийн одон медалиар шагнасны дотор Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыровоос эхлээд Оросын тагнуулч Александр Литвиненкогийн үхэлд сэжиглэгдэж байсан Андрей Луговой нар багтжээ. Либерал Ардчилсан намаас Думын доод танхимд сонгогдон хууль тогтоогчоор ажиллаж буй Андрей Луговойг Эх орны төлөө медалиар шагнасан байна. Тэрээр Думын доод танхимын аюулгүй байдал, авлигын эсрэг хорооны дэд даргаар ажиллахын зэрэгцээ “Урвагчид” хэмээх телевизийн шоу хөтөлж, Москвад хувийн зоогийн газраа ч ажиллуулж байгаа юм. Түүнийг 2006 онд амиа алдсан тагнуулч А.Литвиненкогийн үхэлд Британийн цагдаагийнхан буруутгадаг. 2006 оны арваннэгдүгээр сард А.Литвиненкотой уулзах үеэр цайнд нь радио идэвхт хорт бодис хийсэн гэж сэжиглэдэг бөгөөд үүнээс 23 хоногийн дараа хохирогч нас барсан юм.