UBS телевизийн уран бүтээл “Содура” уран сайхны киноны нээлт энэ сарын 20-нд болно.
Энэхүү кинонд тайгын амьдрал, цаатан үндэстний аж байдлыг тод томруунаар дүрслэн, хүний амьдралын гол утга учир болох хайр сэтгэлийн ариун нандин холбоог өгүүлжээ. Гол дүрд Ч.Очгэрэл, О.Амгаланбаатар, С. Ариунбямба нар тоглосон байна.
Содура бол тайгын охин. Түүний хүүхэд нас хөвчийн их тайгад өнгөрсөн хэдий ч хувь заяаны эрхээр их хоттой амьдралаа холбоно. Гэвч хотын амьдрал түүнд зохисонгүй. Эцэст нь сэтгэлдээ гунигтай, зүрхэндээ шархтай тайга руугаа буцна. Ингээд түүнийг тайгын нууцлаг амьдрал угтаж авна.
Зураг авалтыг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг Баруун, Зүүн тайга, Хорьдол Сарьдагийн их уулс, Цэцэгт нуур, Хөвсгөл далай зэрэг байгалийн үзэсгэлэнт газарт жилийн дөрвөн улирал дамнан авчээ.
Дашрамд сонирхуулахад, уг тайгад одоогийн байдлаар 32 өрхийн 300 гаруй цаатан иргэн 1500 орчим цаа буга маллан амьдарч байна.