Мөсөнд авиралтын 2015 оны ДАШТ энэ сарын 6-8-нд дэлхийн 17 орны 80 гаруй тамирчин техникийн болон хурдны төрлөөр ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Дэлхийн Уулын холбооны лицензтэйгээр мөсөнд авиралтын ДАШТ хоёр жилд нэг удаа ОХУ-ын Киров хотод зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн дэлхийн аваргуудаар ОХУ-ын тамирчид тодорлоо. Тус тэмцээнд манай улсаас 2 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 4 тамирчин оролцож хурдны төрөлд эмэгтэй 31 тамирчнаас нэгдүгээр шатанд Г.Баярцэцэг тус замаа 1:56:51 секунд хугацааны амжилтаар гүйцэтгэсэн бол хоёрдугаар замаасаа хасагдан 23-р байранд орсон байна. Харин Ц.Отгонсүрэнгийн хувьд нэгдүгээр замаасаа гар салж /гар салахыг хориглодог/ хасагдлаа.
Эрэгтэйчүүдийн тэмцээнд нийт 50 тамирчин оролцсоноос манай тамирчин Д Энхбаатар, Л.Нямбаяр нар гар салж нэгдүгээр замаасаа тус тус хасагдлаа. Техникийн төрөлд эмэгтэй 33 тамирчин оролцсоноос манай хоёр авирагч 31, 32 дугаар байранд шалгарсан бол Эрэгтэйчүүдийн уг төрөлд оролцсон 50 тамирчнаас манай тамирчид 46 ,47 дугаар байрыг тус тус эзэллээ.
Энэ тэмцээн манай тамирчдын хувьд том дадлага, сургамж боллоо. Манай баг тамирчид нийт 95 оноо цуглуулж, оноо цуглуулсан дэлхийн 11 орноос зургадугаарт жагслаа.