Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэрийн үйлчлэгч бэлтгэдэг улс

Азийн хамгийн хурдацтай өсч буй эдийн засагтай орны нэг нь Филиппин боловч энэ улсын хүн амд хүрэлцэхүйц ажлын байрыг хөдөлмөрийн зах зээл нь нийлүүлж чаддаггүй. Тийм ч учраас Засгийн газар нь жил бүр иргэдээ хэдэн мянгаар нь гадаадад ажиллах хүч болгон илгээхээр тусгайлан бэлтгэдэг юм.
Ийм сургалтын төвүүдийн нэг нь Манила дахь Гэрийн үйлчлэгчийн академи юм. Баян чинээлэг айлын томоохон харш шиг засч бэлтгэсэн байшингийн өрөө бүрт төрөл бүрийн сургалт явуулах бөгөөд зочны өрөөнд дүрэмт хувцас өмссөн үйлчлэгч нар хэрхэн булан тохойн тоос шороог сайн цэвэрлэхэд суралцаж байхад, нөгөө хэсэг нь гал тогоонд амттай салат бэлтгэхийг заалгаж байх жишээтэй. Энд гэрийн үйлчлэгчид ариун цэвэр сахих, бусдыг хүндлэх, хувийн санхүүгээ хэрхэн зөв удирдах зэрэгт суралцдаг байна.

Энэ мэтчилэн Филиппиний Засгийн газраас  хэдэн арван мянган иргэдээ гэрийн үйлчлэгч, тогооч, механик, цэцэрлэгч гэх мэт мэргэжлээр гадаадад удаан хугацаагаар ажиллахад нь бэлтгэдэг юм. Улсын хувьд энэ нь аль аль талдаа хожоотой бодлого. Одоо бараг 10 саяд хүрчихээд байгаа хилийн чанадад ажилладаг  филиппин иргэдийн  гэр бүл рүүгээ илгээдэг мөнгө нь улсынхаа мөнгөний урсгалыг тэтгэх нэг гол хүч болж байна. Нөгөө талаар жилд л хоёр саяар нэмэгдэж буй хүн амын тэлэлтийг гүйцэж түрүүлэх хэмжээнд дотооддоо ажлын байр бий болгож чадахгүйгээс гадаад руу илгээх нь хамгийн зөв гарц юм.
Гадагшаа гарч ажиллахаар бэлтгэгдэж буй хүмүүс ч өөрсдийгөө гэр бүлдээ төдийгүй улсдаа хэрэгтэй зүйл хийж байгаа гэж боддог гэнэ. Үүнд Засгийн газрынх нь явуулсан суртал ухуулгын кампанит ажил ч нөлөөлсөн бололтой. Тэд өөрсдийгөө нэг ёсны үндэсний баатрууд гэж үздэг аж.

Филиппиний хүн амын гуравны нэг нь 15-аас доош насныхан. 30 жилийн дотор тус улсын хүн ам 100 гаруй саяас 200 сая болж нэмэгдэнэ. Тэр үед хөдөлмөрийн зах зээлийг хэрхэх вэ гэдэг асуудал одооноос эрх баригчдынх нь санааг зовоож байгаа учир хүн амын бодлого төлөвлөлтөд анхаарч, эмзэг ядуу давхаргынханд чиглэсэн жирэмслэхээс хамгаалах аргыг сурталчлан таниулах кампанит ажил идэвхтэй явуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Филиппин улс өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж буй хүн амын бодлоготойгоо хөдөлмөрийн зах зээлийн бодлогоо уялдуулсны ачаар эдийн засаг нь сүүлийн хэдэн жил тасралтгүй өссөөр байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан