Амь насанд хүрэх аюултай “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүмүүсийн тоо 9 840 боллоо. ДЭМБ-ын мэдэгдсэнээр, энэ вирусийн халдвар авсан нийт хүний тоо 24 014 болсон байна.
“Эбола”-гийн тархалтад хамгийн их өртсөн Баруун Африкийн Гвиней, Либери болон Сьерра-Леонд гуравдугаар сарын 5-наас хойш нас барагсдын тоо 17-гоор, халдвар авсан тохиолдлын тоо 31-ээр нэмэгджээ.
Мали, Нигери, Сенегал, Испани, Их Британи болон АНУ-д мөн “Эбола”-гийн халдвар авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм. Нигерийг эс тооцвол эдгээр улсад “Эбола”-гийн халдвар авсан 10-аас олон тохиолдол бүртгэгдээгүй. Нигерид 20 хүн халдвар авсны найм нь нас баржээ.
ДЭМБ-ын мэдэгдсэнээр, энэ нь маш хүнд өвчин бөгөөд өвчилсөн тохиолдолд амьд үлдэх магадлал тун бага юм.
Уг вирус нь араатан амьтдаас хүнд халдварлаж, улмаар хүнээс хүнд дамждаг аж.
Вирусийн гаралтай энэ өвчин хамгийн анх ширэнгэн ойд ойрхон Төв Африкийн алслагдсан тосгодод тархаж байжээ. Гэхдээ сүүлийн тархалтад Баруун Африкийн томоохон хот, суурин газар болон хөдөө орон нутгийн аль аль нь нэрвэгдсэн юм.
Одоогийн байдлаар, энэ өвчнийг эмчлэх ямар нэг эм, вакцин байхгүй байгаа бөгөөд зөвхөн “тайвшруулах, эрчимт эмчилгээ” хийж байна.