Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Немцовын найз бүсгүй хэрэгтнийг огт хараагүй

Үл мэдэгдэх этгээдэд буудуулан амиа алдсан Оросын улстөрч Борис Немцовын украин найз бүсгүй Анна Дурицкая хэрэг гарснаас хойш анх удаа хэвлэлд ам нээжээ. Оросын онлайнаар цацагддаг “Дождь” телевизэд “Skype”-аар дамжуулан товч ярилцлага өгсөн тэрээр гэмт хэрэгтнийг огт хараагүй, түүний сууж явсан машин цайвар өнгөтэй байсан гэдгээс өөр юу ч мэдэхгүй гэж ярьжээ.

23 настай загвар өмсөгч бүсгүй ярихдаа хэргийн талаар өөрийн харсан үзсэн, мэдэх бүхнээ мөрдөн байцаагчдад хэлсэн болохоор Орост үлдэх ямар ч  шалтгаан байхгүй гэжээ. Тэрээр хэрэг гарсны дараа гурван хоног Б.Немцовын туслахынх нь байранд цагдаагийн хамгаалалт дор байсан бөгөөд өчигдөр Украин руугаа буцжээ. Түүнийг эх оронд нь буцаахын тулд Украины Гадаад хэргийн яам бололцоотой бүхнийг хийж, өмгөөлөгч, хуулийн зөвлөгөөгөөр хангасан гэнэ.
Гурван хоног байцаагдахдаа Б.Немцовтой ямар холбоо харилцаатай байснаас эхлээд хувийн эд зүйлс, гар утсаа гээд бүгдийг нь хуулийнханд шалгуулсан гэх Анна Дурицкая ярилцлагынхаа үеэр болсон явдлын тухай ярихаас татгалзжээ. “Гүүрэн дээр юу болсон талаар асуултад хариулмааргүй байна. Одоо сэтгэл зүйн маш хүнд нөхцөлд байгаа учраас энэ тухай ярихыг хүсэхгүй байна. Би хэнийг ч хараагүй. Тэр миний ард байсан болохоор хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй” гэж ярьжээ.

Яг хэрэг гарах үед тэдний ойролцоо цас арилгагч машин явж байсан бөгөөд Дурицкая жолоочоос нь цагдаагийн утсыг асууж, дуудлага өгчээ. Үүнийхээ дараа тэр ээж рүүгээ залгаж, Борис Немцов буудуулчихаад байгаа тухай мөн хэлсэн байна. “Миний охин маш их цочирдсон байсан. Тэр өмнө нь ч Оросын эрх баригчдын дарамт шахалтыг мэдэрдэг байсан” гэж Дурицкаягийн ээж хэвлэлд ярьжээ.

Кремлийн хамгаалалтын албаны камер гүүрний ойролцоо байдаг ч яг хэрэг гарсан газрыг чиглээгүй учраас болсон явдлыг бичиж чадаагүй гэж хууль хяналтынхан мэдэгдэж буй. Харин Оросын нэгэн блоггер Митья Алешковский хэрэг гарсны дараахан камерын зургийг авахад яг гүүр рүү эгц чиглэсэн байсан гэж мэдээлж байна.

А.Дурицкаягийн өмгөөлөгч Вадим Прохоров үйлчлүүлэгчээ худал яриа илрүүлэгчийн шалгалтад оруулахаас татгалзана гэж мэдэгдсэн байна. Тэрээр үйлчлүүлэгчийнх нь ярьсан бүхэнд эргэлзэх шалтгаан байхгүй учраас худал яриа илрүүлэгч ашиглах шаардлагагүй гэжээ.

Хэргийг мөрдөн шалгагчдад хэд хэдэн хувилбар байгаа ч шуугиан тарьсан энэ хэргийн сэжигтнүүдийг хараахан тогтоож чадаагүй байна. Тийм ч учраас хэргийн тухай мэдээлэл өгсөн хүнд гурван сая рублийн шагнал өгөхөөр амлаад байгаа юм.

В.Путиний хамгийн хүчтэй шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч агсан Борис Немцовыг өчигдөр сүүлчийн замд нь үдсэн бөгөөд Анна Дурицкая нутаг буцсан тул оршуулах ёслолд оролцож чадаагүй байна.

0 Сэтгэгдэл
яг л С.Зориг агсныг алуулахад хажууд нь байсан эхнэр Булган шиг л явдал болж....
Хамгийн их уншсан