Нэгэн цагт банкны бүх дансаа хоосолж, үнэ цэнэтэй бүхнээ зараад Фидель Кастрод зориулж явсан Кубын түүхэн дэх цуутай хүүхнүүдийн нэг Наталия Ревуелта 89 насандаа өөд болжээ. Фидель Кастрогийн үнэнч амраг нь байж, үр хүүхдийг нь төрүүлсэн ч Кубын удирдагчтай амьдрах хувь тавилан заяагаагүй энэ эмэгтэй амьдралынхаа сүүлчийн хагасыг ганцаар туулсан юм. Залуу цагтаа улсынхаа хамгийн сайхан бүсгүй хэмээн гайхагдан шагшигдаж явсан Наталиягийн тухай үлгэр домог шиг зүйл өнөө ч яригдсаар байдаг. Түүний Ф.Кастрог гэх хайр сэтгэл энэ удирдагчийн намтар түүхэнд өөрийн гэсэн байр суурийг зүй ёсоор эзэлдэг.
Наталия Ревуелта 1952 онд нэгэн жагсаалын ойн үеэр анх Фидель Кастрогийн хараанд өртсөн гэдэг. Тэднийг найзууд нь танилцуулсан бөгөөд хэд хоногийн дараа Кастро найзаараа дамжуулан Наталиягийн гэрийг нууц цуглаанаа хийхэд ашиглаж болох уу гэж гуйжээ. Тэр үед аль хэдийнэ хүний эхнэр болж, хүүхэдтэй болоод байсан Наталия энэ гуйлтад огтхон ч татгалзаагүй, шууд л зөвшөөрсөн байна. Наталиягийн нөхөр мэс засалчаар ажилладаг завгүй нэгэн байсан учраас Фидель Кастро тэдний гэрийг хувьсгалын цуглаандаа чөлөөтэй ашиглаж, нууц төлөвлөгөө гаргадаг гол баазаа болгожээ. Нийгмийн дээд зиндаанаас гаралтай, АНУ-д боловсрол эзэмшсэн, баян чинээлэг амьдралтай Наталия Ревуелтаг тухайн үед хаа явсан газар нь хүн бүхний нүд унадаг, таарсан хүн бүр эргэж хардаг Кубын хамгийн сайхан бүсгүй байсан гэлцдэг.
Тийм л үедээ тэрээр ороо бусгаа амьдралтай Фидель Кастрогийн хувьсгалын үйл хэргийг дэмжиж, өөрт байсан зургаан мянган песогийн хадгаламж, бүх үнэт эдлэл, очир эрдэнэ, алмаазан гоёлоо зарж хандивлаж байжээ. Тэр бас Кастрогийн дагалдагсдад зориулж дүрэмт хувцас оёж, Фиделийн гараар бичсэн хувьсгалын тунхаг бичгийг сонин хэвлэлд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг байжээ. Энэ бүхнээс үүдээд түүнд “Партизан гүнж” гэдэг нэр хүртэл өгч байв.
1953 онд Ф.Кастрогийн төлөвлөгөө бүтэлгүйтэж, хувьсгалчдын дийлэнх нь баригдаж, хоригдох үед Наталия түүн руу байнга захидал, ном, нэг удаа дугтуйтай элс хүртэл илгээж байсан гэдэг. Далайн эргийг санагдуулахын тулд дугтуйнд элс хийгээд илгээж байсан Наталиягийн захидал Фидель Кастрод маш их дэм болдог байж. Ф.Кастро 1954 онд Наталияд бичсэн захиандаа “Надад захидал бичээрэй. Чиний захидалгүйгээр байж чадахгүй нь. Би шатаж байна” гэж бичсэн байдаг. Фидель Кастрогийн Наталияд бичсэн захидал андуурагдан эхнэрт нь очсоноос тэрээр гэр бүлээсээ салсан гэдэг. 1955 онд Кастро суллагдахад л сая нэг Фидель Кастро, Наталия Ревуелта хоёр дотно харилцаатай амрагууд болсон гэдэг. Тэр жил Наталия бие давхар болсон ч Кастрог Мексик рүү зугтах хүртэл энэ тухайгаа хэлээгүй аж. Ф.Кастро Мексикт байхдаа Наталияд гэрлэх санал тавьж, ирж хамт амьдраач гэж гуйж байжээ. Гэвч Наталия Ф.Кастрог амьд үлдэхгүй байх гэж айж байгаагаа хэлсэн гэдэг. Ингээд 1956 онд Кастрог Кубад ирэхээс зургаан сарын өмнө Наталия хүүхдээ төрүүлсэн нь хожим аавынхаа тогтоосон дэглэмийг хүчтэй шүүмжлэгч болж, улмаар АНУ-д цагаачлан гарсан Алина Фернандез гэдгийг уншигчид мэдэх биз ээ.
Кастро Алинаг төрсөн охиноо гэж хүлээн зөвшөөрөөгүй учир Наталиягийн нөхөр өөрийнхөө Фернандез хэмээх овгийг өгсөн байна. Харин хожим охиноо 12 настай байхад Фидель Кастро өөрөөрөө овоглож болно гэж хэлсэн ч Алина зөвшөөрөөгүй аж.
Фидель Кастрогийн эхлүүлсэн хувьсгалын үйл хэрэг эцэстээ Батистаг унагаснаар амжилттай өндөрлөхөд Наталия Кубын тэргүүн хатагтай болохоор нууцхан бэлтгэж байсан гэдэг. Гэвч Кастро түүнээс зайгаа барьсаар байсан учир Наталия удирдагчийн гэргий болж чадаагүй юм. Удалгүй тэрээр нөхрөөсөө ч салж, харин нөхөр нь охиныг нь аван АНУ руу явжээ.
Ийнхүү хувьсгалын дараа цор ганцаар үлдэж, хувийн өмчийг нийгэмчлэх хөдөлгөөнөөр орон гэргүй болсон ч Наталия Кубадаа үлдсэн бөгөөд төрийн албанд олон арван жил ажилласан байна. Гэхдээ тэрээр Фидель Кастротой эргэж холбоо тогтоогоогүй явсаар насыг барсан юм. Ганц бие амьдарсаар нас дээр гарсан Наталия залуу цагийнх шигээ энд тэндэхийн Элчин сайдын яамны хүлээн авалтын байнгын зочин хэвээр өтөлсөн байна. Хамгийн сүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр Фидель Кастро хувьсгалын үйл хэргээ хувийн амьдралынхаа өмнө тавьсныг хэзээ ч буруутгадаггүй гэсэн ч түүнийг зүрх сэтгэлээсээ мартах гэж маш олон жилийг өнгөрүүлсэн хэмээн дурссан байдаг.