Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шагайн харваанд ЮНЕСКО-гийн Батламж гардуулав

“Шагайн харваа”-г ЮНЕСКО-гийн соёлын бус биет өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэн тунхагласан “Батламж”- ийг хүлээн авах ёслол өчигдөр боллоо.

Энэхүү ёслолын ажиллагааг Гадаад хэргийн яам, БСШУЯ, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төв, Монголын шагайн харвааны холбоо, УДБЭТ хамтран зохион байгуулав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БСШУ-ы дэд сайд Б.Тулгад “Шагайн харваа”-г ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын бус биет өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн “Батламж” бичгийн эх хувийг гардуулав. Харин хуулбар хувийг Төрийн түүхийн музей, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Соёлын өвийн төв, Монголын шагайн холбоо, Олимпийн хороонд гардуулсан юм.

Шагайн харвааны холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, СГЗ Д.Басхүү хэлэхдээ, "Шагайн харваа нь Монголд эрт дээр үеэс уламжилж ирсэн үндэсний соёлын үнэт өвийн нэг. Өдгөө үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болоод байна. Манай улсын хэмжээнд шагайн харваа 1980-аад онд эрчимтэй хөгжиж байсан ч зах зээлийн үед бага зэргийн уналтад ороод байсан. Тиймээс бид шагайн харваагаа спорт хэлбэрээр хөгжүүлэхийг зорьж ажилласны үр дүнд хөгжлийнхөө оргил өөд мацаж байна. Шагайн харваагаа ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгүүлж чадсан нь томоохон дэвшил боллоо. Монголчууд шагайг үнэхээр билэгшээдэг. Энхрий хүүхдүүддээ Алтаншагай, Тананшагай, Мэргэншагай зэрэг нэр хайрладаг. Хээр хөдөө шагай хөсөр хаясан бол өшиглөж байгаад морь буухаар нь орхиод явдаг. Нутаг дээрээ шагай орхиж нүүдэггүй, нутаг дээр орхиж явсан шагай гурван жил эзнээ хардаг гэсэн хүмүүжлийг хойч үедээ өвлүүлсэн. Шагайн харвааг олон зууны түүх, уламжлал, хүмүүжлийн өндөр уламжлалтай гэдгийг хүлээн зөвшөөрч 24 орны төлөөлөл 100 хувь санал нэгтэйгээр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвд бүртгэсэн” гэв.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит 9 дүгээр хуралдаан Парис хотноо өнгөрсөн 11 дүгээр сарын 24-28-нд болсон юм. Тус хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцэж Монгол Улсаас нэр дэвшүүлсэн Шагайн харвааг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад олонхийн саналаар бүртгэн авсан билээ.

Уг конвенцид дэлхийн 150 орон нэгдэн орсон ба нийт 314 өв Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтанд одоогоор бүртгэгдээд байгаа юм. Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 7, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 5, Дэлхийн дурсамж хөтөлбөрт 3, Дэлхийн соёлын өвд 2, Дэлхийн байгалийн өвд 1 өвийг тус тус бүртгэгдээд байгаа юм.

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад Монгол Үндэстний баяр-Наадам 2010, Монгол Үндэстний хөөмэйн урлаг  2010, Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй 2010, Монгол Ардын уртын дуу 2009, Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг 2008, Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл 2013, Монгол шагайн харваа 2014 онд тус тус бүртгүүлжээ.

Харин Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа 2011, Монгол Тууль 2009, Монгол Ардын бүжгийн урлаг: Бий биелгээ 2009, Монгол цуур хөгжмийн у ламжлалт урлаг 2009, Монгол уран бичлэг 2013 онд тус тус бүртгэгджээ.

Энэхүү ёслолын үйл ажиллагааны үеэр “Дэлхийд данстай монгол өв” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэсэн байв. Энэхүү үзэсгэлэнд ЮНЕСКО-гийн Төлөөлийн болон Яаралтай  жагсаалтад бүртгэгдсэн 12 өвийн зүйлийг илэрхийлэн харуулсан гэрэл зургуудыг дэлгэжээ. Мөн  “Шагайн харваа” соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлсэн юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, “Их хаадын торгоны зам”-ын тэмээн жин, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүн чулуу, археологийн булш бунхан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд, Хубилай хааны ордны 1000 хүний бүрэлдэхүүнтэй их найрал хөгжим гэхчлэн соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг зорьж байгаа аж.

 Ж.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан