Америкийн бизнес бас улс төрийн тавцан дахь нэг содон дүр төрх бол Дональд Трамп. Одоо 68 настай, Америкийн хамгийн баян эрчүүдийн нэг тэрээр амьдралын этгээд хэв маяг, хэтэрхий ил шулуун үгтэйгээр хэзээнээсээ алдартай. Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн худалдаачны чинээлэг гэр бүлд мэндэлсэн тэрээр гэр бүлийнхээ компанийг өргөжүүлсээр, тэрбумтан болсон нэгэн. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө түүний сонирхлыг татдаг ганц зүйл биш. Телевизийн реалити шоунд хүртэл хүч үздэг тэрээр бараг Ерөнхийлөгчийн сонгууль болгоны өмнө нэр дэвших тухай яриа гаргаж, шуугиан дэгдээдэг. 2012 оны сонгуульд дэвшинэ хэмээн 2010 оноос шуугиулж байсан тэрээр Б.Обамагийн эсрэг өрсөлдөөгүй ч 2016 онд нэр дэвшиж магадгүй гэсэн яриа дахиад л гараад байна. Энэ удаа тэрээр Америкийн Ерөнхийлөгч болох тухайд нухацтай бодож үзэж байгаагаа Пирс Морганы ток шоунд оролцохдоо хэлжээ. Тус ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.
-Таныг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн яриа дахиад л гарлаа. Энэ хов жив үү эсвэл үнэхээр Ерөнхийлөгчид нэр дэвших гээд байна уу?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших талаар маш нухацтай бодож байгаа. Улс орны байдал муу байна. Үүнээс муу байж таарахгүй. Биднийг дэлхий ертөнц хүндлэхээ больсон байна. Тиймээс энэ тухай нухацтай бодож байгаа. Гэхдээ шийдвэрээ хараахан гаргаагүй. Би энэ оронд хайртай болохоор бидэнд тохиолдоод байгаа зүйлсийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Бид дэлхийгээр нэг инээдэм болж байна. Хятадууд биднийг яаж байгааг хар л даа. Баруун, зүүнээр нь цуу татан урж тасдаж байна. Тэд ажлын байрыг маань булааж байна. Бид Хятадыг сэргээн босгохын төлөө л ажиллаж байна шүү дээ.
-Ерөнхийлөгч боллоо гэж бодъё. Ерөнхийлөгч Трампын нэн тэргүүнд хийх зүйл юу байх вэ?
-Миний хамгийн түрүүнд хийх зүйл бол Хятадын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар тогтооно. Энэ тухай зарламагц тэд хэлэлцээ хийх гээд ширээний ард гүйгээд ирнэ. Тэд мөнгөн тэмдэгтийнхээ ханшид зориудаар нөлөөлдөгөө зогсооно. Юанийнхаа ханшид манипуляц хийгээд байдаг учраас л манай компаниуд Хятадтай өрсөлдөхөд хэцүү байдаг юм. Улс орноороо өрсөлдөхөд ч хэцүү. Учир нь, бид Хятадаас хэтэрхий их зүйл авч байна. Уг нь, бид тэднээс илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Ингэхэд, хамгийн чухал зүйл бол бид илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна гэдэгт л байгаа юм.
-Та хятадуудыг дайсан гэж үзээд байна уу, Дональд?
-Тийм ээ, дайсан. Ингэхэд тэд өөрсдөө ч бидний дайсан гэдгээ мэддэг шүү. Тэрийгээ ч хэлдэг.
-Гэхдээ нэг нэгнээ хороохыг хүсдэг дайсан гэдэг утгаар хэлээгүй байх тийм үү? Тэд магадгүй бизнесийн утгаар Америкийг гартаа оруулахыг хүсдэг байх.
-Тэд энэ улсыг эдийн засгаар нь эрхшээлдээ оруулахыг хүсч байгаа.
-Гэхдээ биднийг хөнөөхийг хүсдэг Аль-Кайда мэтийн заналт дайснаас өөр биз дээ. Дайсан гэдэг маш хатуу сонсогдож байгаа учраас ингэж хэлээд байна л даа. Тэд яах аргагүй Америкийн өрсөлдөгч. Бас биднийг гүйцэж түрүүлж, олон талаараа илүү гарч буй өрсөлдөгч.
-Үгүй, тэд илүү гарсан юм биш. Худлаа ярьж байгаа юм. Тэд тэнд худлаа яриад байхад энд манай төрд буруу хүмүүс гарчихаад юу хийхээ мэдэхгүй сууж байна. Тэгэхээр энэ шударга өрсөлдөөн биш.
-Хятад, энэтхэгчүүдийг тоглоомноос гаргах хэмжээний ухаалаг хүмүүс Америкт хангалттай бий гэж та бодож байна уу?
-Тэд ухаантай. Гэхдээ тийм ч овсгоотой хүмүүс биш. Сийрэг ухаан байхгүй. Тэгэхээр бид бизнестээ хамгийн шилдгүүдээ оруулах ёстой. Хятадуудтай хэлцэл хийж, ярилцаж тохиролцох хүн хэн гэж бодож байна. Дипломатууд уу. Үгүй ээ, дипломат гэж хар залуугаасаа яаж сайхан сэтгэгдэл төрүүлэхийг л сурсан хүмүүс.
-Хятадын зүгээс цэрэг армийн гэхээс илүү эдийн засаг, бизнесийн аюул занал л байгаа шүү дээ. Тэд юм бүхнийг хамгийн хурднаар, хамгийн хямдаар бас хамгийн сайнаар хийж байна. Саяхан би Шанхайд очоод үнэндээ мэл гайхаад ирлээ. Тэнд 25 сая хүн галзуу юм шиг ажиллаж байна. Тэд бүгд л өөрсдийн бизнестээ, салбартаа тэргүүлэгч байх гэж зогсолтгүй ажиллаж байна. Өдөн хөнжлийн дэлхийн нийт хэрэгцээний 95 хувийг дангаар хангадаг хот Хятадад байна. Хятадууд дэлхийн бүх товчны 85 хувийг нийлүүлж байна. Ийм нөхцөлд тэднийг дайсан гэж бодож чадахгүй байгаа юм. Тэд бизнесийн сайн түнш байж чадахгүй гэж үү. Бид хамтраад ажиллаж болохгүй юу?
-Тэд бидний найз биш ээ. Би Хятадаас олон бүтээгдэхүүн авдаг. Шилээр жишээ авъя. Байшиндаа шилэн хөшиг хийлгэх гэтэл тэр шилэн бүтээгдэхүүн хийдэг компаниудын 90 хувь нь Хятадаас түүхий эдээ авдаг байх жишээтэй. Би Хятадаас шил худалдаж авмааргүй байна. Гэхдээ манай компаниуд Хятадынхтай өрсөлдөж чадахгүй. Тэд сайн шил хийдэг болохоор биш валютынхаа ханшид нөлөөлөөд байдаг учраас тэр. Одоо тэгээд энэ асуудлыг яаж шийдэх вэ гэхээр, тэд өөрсдөө хэзээ ч шийдэхийг хүсэхгүй. Тэгэхээр би Ерөнхийлөгч болмогцоо 25 хувийн татварын тухай зарлана. Тэгмэгц хятадууд бидэн рүү утас цохино.
-Тэгээд худалдааны дайн эхэлнэ?
-Би хувьдаа чөлөөт худалдаанд итгэдэг хүн. Гэхдээ бидний хооронд чөлөөт худалдаа байгаагүй. Маш шударга бус худалдаа л оршсоор ирсэн. Тиймээс худалдааны хэлэлцээрт би дипломатуудыг оролцуулахгүй. Уолл-Стритийн эдийн засгийн алуурчдыг ашиглах болно. Тэднийг би нэг бүрчлэн мэднэ. Хятадтай хэлцэл хийхэд тэд л тохирно. Манай бизнесийн ертөнцөд мундаг хүн олон байдаг ч тэднийг ашиглаж байсангүй.
-Тийм ээ, бизнесийн ертөнц хайр найргүй байдаг. Таны бизнест амжилт олсон нь ч үүнтэй холбоотой. Та өрсөлдөгчдөө үгүй хийж чаддаг байх. Гэхдээ хятадууд ч бас тань шиг аашилж чадахгүй гэж үү. Хятадтай өрсөлдөхийн тулд тань шиг илүү олон хүн бидэнд хэрэгтэй биш үү?
-Тийм ээ, хятадуудтай яаж ярихаа мэддэг хүмүүс бидэнд хэрэгтэй байна. Хятадын Ерөнхийлөгч ирэхэд Цагаан ордонд хүлээж аваад таван одтой зоогийн газрын хоолоор дайлж байна.
Би байсан бол тэрэнд таван одтой хоол өгөхгүй. Өрөөндөө дуудаж уулзаад ярилцана. Тэгээд яриа таарахгүй бол МакДональдст очиж хоолло гээд буцаагаад явуулчихна.
-Хятадын асуудлыг хойш тавья. Доналд Трампт Америкийн өөр ямар асуудлыг шийдэх гарц байна. Америкчуудын арав гаруй хувь нь ажилгүй байна. Харин та бол хамгийн шилдэг ажил олгогчдын нэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Энд нэг зүйл хэлэхэд, бид дэлхий ертөнцийг хамгаалдаг тийм үү. Бид яагаад Өмнөд Солонгосыг хамгаалсныхаа төлөө хөлс авдаггүй юм. Тэд ч бас өрсөлдөгч шүү дээ. Тэд биднээс маш их хэмжээний мөнгө олж байна. Зурагтнаас эхлээд өчнөөн бараа бүтээгдэхүүнээ зарж байна. Гэтэл бид яагаад тэднийг хамгаалах гэж маш их зардал гаргачихаад нэг ч хариу хөлс авдаггүй билээ.
-Тэгэхээр хэрэв та Ерөнхийлөгч болвол хилийн чанадад дайтаж яваа цэргүүдээ шууд татаж, зардлаа хэмнэх үү?
-Шууд татна. Иракт бид цэргээ оруулах хэрэггүй байсан юм. Афганистан том асуудал биш. Хамгийн том асуудал бол Пакистан. Пакистанд манайх хэдэн тэрбумаар нь өгдөг билээ. Гэтэл тэд Осама Бин Ладеныг орогнуулж л байсан. Саудын Арабыг манай найз гэж бодож байна уу. Саудын Араб шиг газрын тосныхоо үнээр биднийг зовоосон орон байна уу.
-“Ерөнхийлөгч” Трамп Цагаан ордонд очоод хамгийн түрүүнд хэнийг халах вэ?
-Мэдээж, надаар Обама гэж хэлүүлэхийг л хүсч байгаа.
-Тэр аль хэдийнэ огцорчихсон байна шүү дээ. Тэгэхээр өндөр суудлаас нь ховх татаж хаямаар хамгийн муу залуу хэн байна?
-Үнэнийг хэлэх үү. Би ингэж хэлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ тийм хүн маш олон байна. Үнэхээр олон. Боловсролын яамыг хар л даа. Манай боловсролын салбар яаж доройтчихоод байна.
-“Том сэтгэ тэгээд өгзгийг нь өшиглөөд өг” гэдэг номыг тань саяхан уншлаа. Энэ үг Трампын философи байх, тийм үү? Хэзээ ч жижигхэн сэтгэдэггүй, том сэтгэдэг, түүнийхээ хэрээр ялдаг.
-Хүн бүхэн том сэтгэж чаддаггүй. Жирийн нэг барилгачин ганц айлын байшин барихаас том бүтээн байгуулалт хийх тухай бодож сэтгэж чадахгүй. Гэхдээ ийм эгэл жирийн ажилчин хүмүүсийн нийгэмдээ оруулдаг хувь нэмэр агуу. Тэд нийгэмдээ асар их тус хүргэж байдаг. Хэрэв хүн бүхэн том сэтгэдэг байсан бол энэ дэлхий ертөнцөд өрсөлдөөн гэж тоймгүй юм болох байлаа. Тэгэхээр хүн бүхэн том сэтгэдэг, боддог байх хэрэггүй. Номны тухайд маш сонирхолтой, сайн ч ном болсон. Миний бүх ном борлуулалтаараа тэргүүлдэг. Харин энэ номонд “Өгзгийг нь өшиглөөд өг” гэж бичсэнээс болоод эцэг эхчүүд хүүхдүүддээ авч өгч чадахгүй байгаа юм.
-Ингэхэд таныг амьдралдаа ганц ч дусал архи амсч байгаагүй гэдэг. Үнэн үү?
-Тийм ээ, ганц ч удаа амсч байгаагүй. Миний ах Фред архинд донтоод нас барсан юм. Тэр үнэхээр сайхан залуу байсан. Миний мэдэх хамгийн сайхан эр. Мэргэжлийн нисгэгч байлаа. Тэр коллежид байхаасаа ууж эхэлсэн л дээ. Цаг хугацаа өнгөрөх тусам архинд орсоор, хар тамхи ч татдаг болсон. Нас барахынхаа өмнө надад “Хэзээ ч битгий архи уугаарай, хэзээ ч битгий тамхи татаарай” гэж захисан юм. Энэ үгийг би хүүхдүүддээ ч хэлдэг. Манай гэр бүлийн хувьд архи, тамхи, мансууруулах бодис, бас шивээс хориотой.
-Хүүхдүүд тань таны үгийг дагадаг уу?
-Дагалгүй яахав. Цаашид ч дагасаар байх болно. Архи, тамхийг хүн хэрэглээд л эхлэх юм бол зогсч чадахаа болино. Коллежид хамт сурдаг байсан нэг найз маань вискиний амт авч чаддаггүй байж билээ. Би түүнд “Чи азтай юм. Дургүй зүйлээ заавал уух албагүй” гэхэд “Үгүй ээ, найз нөхөдтэйгөө уулзахад, хүмүүстэй ажил хэрэг ярихад уух хэрэг гарах юм” гэж хэлдэг байсан. Хожим нь бид уулзахад тэр найгүй архичин болсон байсан даа.
-Тань шиг бизнесмэн хүн олон төрлийн арга хэмжээнд байнга л очиж байгаа. Чухал арга хэмжээ байсан ч уудаггүй юу?
-Нэрийг нь хэлмээргүй байна. Гэхдээ маш нэртэй, миний хүндэтгэж явдаг нэг банкир, бас нэг Конгрессын гишүүнийг согтуу явахыг харснаас хойш би тэднийг урьдынх шиг хүндэтгэж үзэхээ больсон. Бараг 2000 хүн уригдсан том арга хэмжээнд үг хэлсэн нөлөө бүхий банкир төд удалгүй шал согтуу явахыг харах үнэхээр гутамшигтай.
-Сонин юм. Энэ таны бас нэг давтагдашгүй онцлог байх нь.
-Миний хувьд энэ тийм ч сонин биш. Архи ууж, тамхи татахгүй байх нь хэцүү биш. Би хэзээ ч тамхи татаж байгаагүй, хар тамхи хэрэглэж байгаагүй.
-Бүр кофе ч уудаггүй гэл үү?
-Уудаггүй. Магадгүй надад эднээс өөр асуудал байдаг байх.
-Тийм ээ, тэр тухай ярилцъя. Эмэгтэй хүн таны сул тал уу?
-Би эмэгтэйчүүдийг хүндэлдэг. Тэднийг үзэсгэлэнтэй, ухаантай, агуу хүмүүс гэж хүндэтгэн хайрладаг. Надад гайхамшигтай сайхан эхнэр бий.
-Тийм ээ, эрчүүд Дональд Трампын мөнгөнд гэхээс илүү хүүхний тэнгэрт атаархдаг. Сайхан бүсгүйчүүдийг өөртөө татдаг нууц байна уу?
-Миний царай төрх л тэднийг татдаг байх. Би царайлаг эр шүү. Би эмэгтэйчүүдийг шүтэн биширч, хайрладаг хүн. Үзэсгэлэнтэй болохоор нь биш. Эмэгтэй хүн гэдгээр нь хайрладаг юм. Би тэдэнд итгэдэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хамгийн анх эмэгтэйчүүдэд итгэл хүлээлгэж оруулж ирсэн хүн магадгүй би байх. Би тэднийг том том барилга, зочид буудлын төсөл дээр амжилттай ажиллуулж байсан.
-Таны хувьд эмэгтэй хүн, бизнес хоёрын аль нь илүү чухал вэ?
-Мэдээж, бизнес хамгийн чухал. Би сайхан гэр бүлтэй хүн.
-Хэр хатуу эцэг вэ?
-Хатуу аав шүү. Хүүхдүүд маань мөнгөний үнэ цэнийг мэддэг, үнэлдэг байгаасай гэж хүсдэг. Амьдралын үнэ цэнийг ойлгож мэдэрч, хүнийг хүн гэдгээр нь хүндэлж харилцдаг байгаасай гэж хүсдэг. Тэгж хүмүүжүүлж ирсэн. Хүн бүрийн амьдрал адилгүй. Амьдрал амар биш, тийм биз дээ Пирс. Бусдад юу тохиолдсоныг, яагаад ингэж амьдарч байгааг хэн ч мэдэхгүй. Тийм болохоор хүн гэдгээр нь хүндэтгэн хайрлах ёстой юм.
-Дональд Трамп хэзээ тэтгэвэрт гарах вэ?
-Үл хөдлөх хөрөнгийн хүмүүс хэзээ ч тэтгэвэрт гардаггүй. Манай бизнест орсон хүмүүс зүгээр л тэтгэвэрт гардаггүй юм. Намайг анх энэ бизнест хөл тавьж байхад 70-тай, 80-тай, 90-тэй эрчүүд ажилладаг байлаа. Учир нь, энэ бизнест хөл тавьсан хүмүүс хийдэг ажилдаа үнэхээр дуртай байдаг юм.