Дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Рио Де Жанейрогийн олимпын дараа жил зодог тайлна гэдгээ Английн сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Олимпын зургаан медальт, 100, 200 метрийн гүйлтэд дэлхийн рекордыг эзэмшиж буй тэрээр 2016 оны олимп, 2017 оны ДАШТ-ийг өнгөрөөгөөд спортоо орхих бодолтой байгаа аж.
Тэрээр олимп өнгөрөөгөөд л зодог тайлах төлөвлөгөөтэй байсан ч ивээн тэтгэгч нь 2017 оны ДАШТ-д өрсөлдөөд үзээч гэсэн хүсэлт тавьсан тул Лондонд болох дэлхийн аваргад ч бас оролцохоор шийдсэн гэдгээ “Daily Mail”-д ярьжээ.
Тэрээр спортын карьераа ялалт амжилтаар дүүрэн дуусгахыг хүсч байгаа учир дасгалжуулагчтайгаа хамтран бэлтгэл сургуулилтдаа хамаг анхаарлаа тавьж байгаа гэнэ. ДАШТ-ээс найман алтан медаль авч байсан тэрээр ирэх наймдугаар сард Бээжинд болох дэлхийн аваргын тэмцээнээс ч медалийнхаа тоог ахиулах зорилготой байгаа юм. Тэрээр 2009 оны Берлиний ДАШТ-ээр өөрийн тогтоосон 9,58 секундын рекордоо эвдэхээр төлөвлөжээ.