Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

60 мянган толгой үгтэй Цахим их тайлбар толь танилцуулав

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын хамтран гүйцэтгэж буй Монгол хэлний цахим их тайлбар толийн эхний хувилбарыг танилцуулах ажиллагаа өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Монгол хэлний цахим их тайлбар толь бүтээх ажлын явцын талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд танилцууллаа.

Тэрбээр “Монгол хэл үе үеийн туршид ард түмнийг минь нэгтгэж, хөгжлийн гол хүчин зүйл болсоор ирсэн билээ. Иймээс монгол хэлний тайлбар болон орчуулгын толь, нэр томъёоны толийг зохиож нийтийн хэрэглээнд гаргах нь манай хэл бичгийн эрдэмтдийн анхаарлын төвд байсан. Даяаршлын орчинд эх сайхан монгол хэлээ авч үлдэж, хойч үедээ өвлүүлэх давхар хариуцлага хүлээж байгаа энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бид Монгол хэлний цахим их тайлбар толь бүтээх ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Түүнчлэн, “Хэрэглэгчид www.mongoltoli.mn, www.монголтоль.мон цахим хаягаар орж үзэх боломжтой бөгөөд хүссэн хүн бүхэн нутгийн аялгуу, ажил мэргэжлийн онцлог үгийг кирил, монгол үсгээр, боломжтой бол тайлбар, жишээ, зургийн хамт байршуулж баяжуулж боломжтой, хэмээн танилцуулав.

Эхний байдлаар цахим тольд 60 гаруй мянган толгой үг, 80 гаруй мянган хоршоо, холбоо үг, хэвшмэл хэллэгийг багтаасан байна. Цаашдаа “Монгол уран зохиолын дээж” 108 ботийн үг хэллэг, өдөр тутмын тогтмол хэвлэлийн болон улс төр, шинжлэх ухааны үг хэллэгийг дэлгэрэнгүй оруулах болжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан