“Гейшагийн дурсамж”, “Гэртээ харих зам” зэрэг киногоороо алдаршсан Хятадын жүжигчин Жан Зиеи 36 насны төрсөн өдрөөрөө сүй тавьжээ. Түүний төрсөн өдөрт зориулсан үдэшлэгийн үеэр найз залуу Ван Фен нь жижиг нисдэг тэргээр сүйн бөгж авчруулан, гэнэтийн бэлэг барьж, гэрлэх санал тавьсан гэнэ.
Жүжигчин Жан Зиеи хоёр жилийн өмнөөс дуучин Ван Фентэй нэр холбогдож эхэлжээ. Тэр үед Ван Фен гэр бүлтэй байсан боловч удалгүй салсан юм. Түүнийг Жан Зиеигээс болж хоёр дахь эхнэрээ орхилоо хэмээн тухайн үед шуугилдаж байв.
Гэрлэх саналаа тавьсны дараа дуучин Ван Фен Вейбо дахь хуудсандаа “Амьдралыг минь бүрэн бүтэн болгож өгсөнд баярлалаа. Хүнд бэрх бүхэн ард хоцорсон. Одооноос бүхнийг хамт туулах болно. Зиеиг би үргэлж жаргалтай байлгана” хэмээн бичжээ. 43 настай дуучин өмнө нь хоёр удаа гэрлэж, хоёр хүүхэдтэй болж байсан бол Жан Зиеигийн хувьд Израилийн тэрбумтан Виво Нево болон Хятадын телевизийн хөтлөгч Са Бейнинтэй хамт амьдарч байсан юм.