Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бобби Кристинагийн найз залууг шалгаж эхэлжээ

Алдарт дуучин Уитни Хьюстоны ганц охин Бобби Кристинагийн амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа энэ үед түүнд тохиолдсон явдал санаатай зохион байгуулсан гэмт хэрэг байсан эсэхийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Тэрээр долоо хоногийн өмнө гэрийнхээ ваннд ухаангүй олдсоноос хойш одоо хүртэл эмнэлэгт комын байдалтай эмчлүүлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт түүний амьсгалын аппаратыг салгаж, гэр бүл, ойр дотныхон нь ирж салах ёс хийж эхэлсэн хэмээн хэвлэлүүд бичиж байсан ч хараахан муу мэдээ дуулдаагүй байна.

21 настай залуу бүсгүй яагаад үхэл амьдралын ирмэг дээр ирэх болов гэдгийг тодруулах зорилготой цагдаагийн шалгалт түүний найз залуу Ник Гордоныг чиглэж байгаа аж. Ваннд толгойгоо цохиод ухаангүй хэвтэж байсан Бобби Кристинаг Ник Гордон биш тэдний гэрт байсан найз Макс Ломас олж, түргэн тусламж дуудсан юм.

Бобби Кристинагийн амьдрал гурван жилийн өмнө ээж Уитни Хьюстон нь харамсалтайгаар нас барсны дараа олон нийтийн анхааралд орж ирсэн. Тэрээр ээжийгээ өнгөрөөд удаагүй байхад өргөмөл ах Ник Гордонтой хайр сэтгэлийн холбоотой гэдгээ нийтэд зарлаж, бүр хуримаа хийсэн гэж мэдэгдэж байв.
Ник Гордон Хьюстоны гэр бүлтэй арваад жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн юм. Түүнийг 12 настай байхад нь У.Хьюстон гэртээ авчирч, албан ёсоор үрчилж аваагүй ч өөрийн хүүхэд шиг өсгөсөн гэдэг. Гэвч түүнийг нас барсны дараа хоёр хүүхэд нь хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж, Хьюстоны гэр бүлийнхний санааг зовоож эхэлсэн юм. У.Хьюстоны менежерээр олон жил ажилласан бэр эгч Пэт Хьюстон ч Бобби Кристина, Ник Гордон хоёрын харилцааг хүлээн зөвшөөрдөггүйгээ нэгэн ярилцлагадаа хэлсэн байдаг. Мөн Бобби Кристинагийн аав, У.Хьюстоны нөхөр Бобби Брауны өмгөөлөгч түүнийг хэзээ ч Ник Гордонтой гэрлэж байгаагүй хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Ингэж Хьюстоны гэр бүл Ник Гордоныг түлхэж, Бобби Кристинад тохиолдсон явдлыг цагдаагаар шалгуулж байгаа нь түүнийг энэ хэргийн цаана байж магадгүй гэсэн хардлагаас болжээ. Мөн хэрэв муу зүйл  тохиолдлоо гэхэд Хьюстоны цорын ганц өв залгамжлагчийн хөрөнгө Ник Гордонд очихоос сэрэмжилсэн хэрэг гэж хэвлэлүүд бичиж байна. Ник Гордон өнгөрсөн онд Хьюстоны гэр бүлийнхэнтэй муудалцаж,  дуучны сан, хөрөнгө мөнгийг хариуцдаг Пэт Хьюстоныг заналхийлж байжээ. Тус сан У.Хьюстоны үлдээсэн хөрөнгө мөнгөний асуудлыг зохицуулдаг бөгөөд охин Бобби Кристинагийн амьжиргааны зардлыг сар бүр шилжүүлдэг аж. Ник Гордон дээрх сангаас Бобби Кристинад сар бүр өгдөг мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэхийг шаардан, татгалзсан хариу өгөхөд нь тэднийг заналхийлсэн байна. Үүний дараа Хьюстоны гэр бүл шүүхэд хандсанаар Ник Гордоныг тэдэнтэй нэг жил холбоо барихыг хориглоод байжээ.

Ник Гордон ийнхүү Хьюстоны гэр бүлтэй дуугарах ч эрхгүй муу харилцаатай байсан ч охинтой нь хамт Атланта дахь гэрт нь амьдарсаар байсан юм. Гэвч тэдний хамтын амьдрал бүтэлтэй байгаагүй нь Бобби Кристинагийн олон нийтийн сүлжээн дэх хуудсуудад нийтэлсэн зүйлсээс нь илт мэдэгддэг байв. Багадаа гэр бүлийн хүчирхийлэл дунд өсч, ээж аавынхаа мансуурахыг харж дассан тэрээр ээжийгээ алдсаны дараа эцэг эхийнхээ замаар хар тамхи хэрэглэж эхэлсэн. Хар тамхи ээжийнх нь амь амьдралыг авч одсон шиг тэр ч бас мансууруулах бодист автсанаар, эхийнхээ гунигт амьдралыг давтахад ойрхон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан