Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МСҮТ-ийн элсэлтийн журам өөрчлөгдөх үү


Засгийн газраас онцгойлон анхаарал хандуулж, нэг бус хөтөлбөр хэрэгжүүлсэн МСҮТ-ийн үйл ажиллагааны талаар зарим сургуулийн удирдлагуудаас тодрууллаа.


Д.Түмэннасан: Олон жил ажилласан туршлагатай багш нар ирж ажилладаггүй

/Говь-Сүмбэр аймгийн Политехник коллежийн зөвлөх багш Монгол Улсын зөвлөх инженер/

-Нэг үеэ бодвол төрөөс МҮСТ, коллежийн үйл ажиллагааг гайгүй сайн дэмжлээ. Энэ хугацаанд хүндрэлтэй асуудал гарч байна уу?
-Улс орон хөгжье гэвэл хамгийн эхэнд боловсролын системээ анхаарах нь зүйн хэрэг. Бүх сургууль адилхан анги танхим, хөтөлбөртэй ч олгож буй боловсролын чанар нь өөр байдаг. Энэ нь багшаас шууд хамаардаг. Тэгэхээр өнөөдөр багшийн нийгмийн хангамжийн асуудлыг шийдэхгүйгээр сайн сургалт явуулж, сайн мэргэжилтэн бэлтгэнэ гэж байхгүй. Манай коллежид багш боловсон хүчин хангалттай бий. Гэхдээ үйлдвэр дээр ажиллаж байсан багш нар ирдэггүй, үйлдвэрийн дадлага туршлага багатай салбарын бус ерөнхий эрдмийн багш нар багшилж байна. Уул уурхайн сургуулийн зургаан багш бүгд шинэхэн боловсон хүчин. Хэрвээ уул уурхайн инженерээр төгсвөл доод тал нь 700-800 мянган төгрөгийн цалинтай ажилд ордог. Гэтэл багш нарын цалин 400 гаруй мянган төгрөг л байдаг. Иймээс үйлдвэр уурхайд ажиллаж байсан мэргэжилтнүүд  бол бүүр ирэхгүй. Гэтэл Авсралын политехникийн коллежид үйлдвэр дээр арваас доошгүй жил ажилласан багш яамандаа хүсэлт гаргаад бүх шалгуурыг нь даваад багшлах эрхийн сургалтад суугаад багшилж байна. Энд багшийн цалин салбарынхаа дундаж цалинтай дүйцэхүйц учир туршлагатай багш нар ажилладаг юм билээ.
 
-Та багш нарын цалинг салбар салбараар ялгаатай авч үзэх хэрэгтэй гээд байна уу?
-Ядаж салбарынхаа дундаж цалинг авч чадахгүй бол тэр хүн сургуульд ирж  багшлахгүй. 

-Өнөөдрийн байдлаар танай коллеж хэдэн багш оюутантай вэ?
-Манай коллеж уул урхайн жишиг сургууль болохоор Мянганы хөгжлийн сорилтын сангийн төсөл хэрэгжсэн. 11 төрлийн уул уурхайн мэргэжлийн есөн төрлийн мэргэжлээр 55 багш уул уурхайн техникч сургаж байна. Өнөөдөр мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна. Хуулийн төслийг уншаад үзэхэд өөрчлөх ёстой заалтууд нэлээд байна. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ гэдгээс хамаараад үр дүн гарна.
-Коллежийн элсэлт хэзээ эхлэх вэ. Элсэлтийн журамд өөрчлөлт орсон уу?
-Цаашдаа бид есдүгээр ангиас элсэлт авахаа болиод арваннэгдүгээр анги төгсөгчдөөс авахаар болсон. Тэгээд жилийн хугацаанд бэлтгэнэ. Мөн элсэлтийн шалгалтын оноод 400-гаас дээш оноо авсан сурагчдыг техникчийн буюу гурван жилийн боловсрол олгоод тавдугаар зэрэгтэй ажилтан болгож сургах хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

-Сүүлийн үед уул уурхайн салбарын ажилчид цалин өндөртэй гээд хүн бүр хошуурах боллоо. Үүнтэй холбогдуулан энэ салбарын ажилтны илүүдэл гарна гэж байгаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Манай улсад уул уурхайн салбар улам эрчимжих учраас мэргэжилтэн илүүдэх үндэслэл байхгүй.
Өнөөдөр манай уул уурхайн салбарт гадаадын мэргэжилтэн олноор ажиллаж байна. Тэд нартай эн зэрэгцэхүйд өндөр чадвартай боловсон хүчин хэрэгтэй. Уул уурхайн сургууль гэхээр зөвхөн энэ салбарын мэргэжилтэн гэлтгүй засварчин, цахилгаанчин, гагнуурчин гээд бүх салбарт ажиллах техникийн мэргэжилтнийг бэлтгэж байгаа. Манай төгсөгчдийн 75-аас дээш хувь нь ажлын байртай болдог.
С.Мөнхбат: Сургалтын орчинг сайжруулмаар байна

/Налайх дүүргийн МСҮТ-ийн сургалтын албаны дарга /

-Танай МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагаа хэрхэн явагдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар манай сургуульд 14 мэргэжлээр 900 орчим оюутан суралцаж байна. Сургууль маань уул уурхай, эрчим хүчний чиглэлээр сургалт явуулдаг. Оюутнуудын маанд дундаж нас 25 орчим. 100 гаруй багш ажиллагсадтай. Сургалт явуулахад зайлшгүй шаардлагатай хичээл практикийн зардал гэж бий. МСҮТ-ийн гол хэрэглэл бол ур чадвар олгодог үйлдвэр сургалтын хичээл. Чанартай сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд дадлагын орчинг сайн бүрдүүлж, хичээлийг хэрэгслээр сайн хангах шаардлагатай байгаа.

-МСҮТ, коллежийн суралцагсдад тэтгэлэг олж байгаа. Танай сургуулийн хувьд тэтгэлгийг ямар шалгуураар олгож байгаа вэ?
-Суралцагсдад сар бүр 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Үүнийг суралцсан хугацаа, хичээлд суусан цагаар тооцож олгодог. Хичээл тасалсан тохиолдолд тэтгэлэг олгохгүй. Шалгуур нь 24-өөс доош настай байх ёстой. Мөн мэргэжлийн боловсролыг анх удаа эзэмшиж байх ёстой. Цаашид суралцагсдыг сурлагын амжилтаар нь суусан хугацаагаар нь тооцож тэтгэлэг олгох хэрэгтэй гэсэн санал багш нар гаргаж байгаа. Одоо хөдөлмөрийн зах зээлийн судалгаа эрэлт хэрэгцээ байна уу гэдэг судалгааны ажил хийгдэж  байна.

-Сургалтын чанарын тухайд?
-Мянганы сорилтын сангийн төслөөр багш нарыг мэргэшүүлэх ажил хийсэн. Манайх сайн сургалт явуулахын тулд гурван зүйл баримталдаг. Сайн сургалтын хөтөлбөр, орчин, төлөвлөгөө, чадвартай багш байх хэрэгтэй. Төсөл хөтөлбөрийн хүрээнд сургалтын орчин сайжирсан. Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг сайжруулах ажил хийгдэж байна. МСҮТ-ийн чадавхи харьцангуй дээшилсэн гэж үзэж байгаа. Багш нарыг хөгжүүлэхэд болж өгвөл тэтгэлэгт хөтөлбөр биш тодорхой хэмжээний давтамжтайгаар сургалтад суулгаж,  боловсролоо дээшлүүлэхэд нь анхаарах хэрэгтэй.

-Төгсөгчид ажлын байраар хэр хангагдаж байна. Аж ахуйн нэгжүүдээс захиалга ирж байна уу?
-Насанд хүрэгчдийн сургалтад ажлын байрны захиалга байдаг. Үндсэн ангийн оюутнууд өөрсдийн хүсэлтээр элссэн. Ажлын байраа оюутнууд үйлдвэр дээр дадлага хийх  хугацаандаа олдог. Мөн төгсөлтийн шалгалтын үеэр ажил олгогч нар сонгож авдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан