Нийслэл хотын төвд байрлалтай Монголын хүүхдийн ордон /МХО/-ы дугуйланд алслагдсан гэр хорооллын хүүхдүүд олноор хамрах боломж бүрдлээ.
МХО өнгөрсөн жилээс эхэлж салбар дугуйлангуудаа хотын захын гэр хороололд байгуулах ажлыг санаачилсан нь ийнхүү биелэлээ оллоо. Өчигдөр Баянхошуунд 5 танхим, 10 багштай салбар дугуйлангаа нээсэн байна. Нээлтийн өдөр уг салбарт 30 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Энэ салбарт дуулаач, бүжиг, шатар, драм, уран зохиол зэрэг 5-6 дугуйлан хичээллэх бөгөөд улиралд 540 гаруй хүүхэд хамрах боломжтой юм. Багш нарын цалинг нийслэлээс баталж өгсөн болохоор сонирхсон хүүхдүүд төлбөргүй суралцана. Цаашид багш нарын цалинг улсаас олгох эсэхээс шалтгаалан дугуйланд суралцагчдын төлбөрийн асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхой болох юм.