Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өндөр өсгийт дээр сэвэлзсэн 70 гаруй намрын эгшиг


Мижиддоржийн Цэрэнханд гэдэг эмэгтэйтэй уулзлаа. Инээмсэглэхээрээ тэр чигээрээ гэрэлтээд л явчихна. Өдгөө 70 гарч яваа ч өндөр өсгийт дээр намбалзан алхах тэрээр амьдралынхаа 50 гаруй жилийг боловсролын салбарт зориулсан нэгэн. Хамгийн анх түүнийг залуу үеийг сурган хүмүүжүүлэхээр ханцуй шамлан орсон залуухан багш нарт лекц уншиж байхад нь харсан. Танхимд цугласан олны дундуур сэмбэлзэн алхах түүнийг хараад зарим багш нар гутлаа нууж, өөрийгөө нэг харж байв. Тэрээр “Багш хүн өөрийгөө аятайхан авч явж чадахгүй бол хүүхдүүдийн өмнө юугаа заах билээ” хэмээн хэлээд танхим дүүрэн алга ташилтаар өөрийгөө мялаалгаад амжина. 

Түүнтэй ярилцаж суухад социализмын үеийн боловсролын систем, ардчилсан нийгмийн шинэчлэгдэж яваа систем хоёрыг харьцуулан харах боломж гарсан. Гэхдээ юу юунаас илүү түүний амьдралын амжилт ялалтыг сонсоод суух сайхан. Тэр л сайхныг эдийн засгийн хямрал, эрдэс баялгаа хэрхэн хуваарилах, Цагаан сард бэлтгэх гээд л улс оронд өрнөж буй хүндхэн сэдвүүд дунд манаргаж яваа уншигчидтайгаа хуваалцахаар чадан ядан үзгээ хурцалсан маань энэ.

Ганцхан хором уртаар амьсгаа аваад урдах асуудал руугаа шумбан орох нь заримдаа эрүүл саруулаар сэтгэх боломж өгдөг ч юм шиг...
М.Цэрэнханд гуайн 70 гаруй жилийн амьдралын түүх эртээ үед эгшиглэж эхэлсэн төгсгөлийг нь хэн ч тайлахгүй, цэггүй үргэлжлэх сонат юм. Заримдаа уянгалах ч, дээд өнгөөр дуулагдах, хүчтэй бас өрнөлтэй аялгуу.

Доктор Мейгийн том охин

М.Цэрэнханд гуай уул ус тэгширсэн, тэнэгэр баян нутаг Ховд аймгийн Дарви сумын уугуул. Тэрээр айлын том нь. Эцэг эх нь түүнийг дүүтэй нь хамт сургуульд оруулна гээд бүх нийтийг бичиг үсэгтэй болох хөдөлгөөнөөс хоёр жил хойш татаж суусан гэдэг. Хөл нь хугарсан гэх мэтийн шалтаг хэлсээр 10 настай охинд  найман настай дүүг нь хөтлүүлэн сумынхаа сургуулийн босгоор алхуулсан тухай яриа нандигнан хадгалсан ч он цагийн хүрдэнд зурагдаж хуучирсан пянзны эхэн хэсэгт тодоор эгшиглэх. Тийм нэг гэгэлгэн өнгөөр...

Та чинь хөгшин сурагч болжээ гэхэд “Би ч гайгүй ээ. 18 настай ангийн маань залуу хоёрдугаар ангид ороод эхнэр авч байсан юм чинь” гэв.
Түүний ээж Дулам малчин. Харин аав нь цэргийн алба хаахдаа Орос эмч нартай ажилласаар байгаад бага эмчийн дайтай болчихсон учир сумынхны эрүүл мэндийн манаанд сайн дураараа нэгдсэн нэгэн. Тийм ч учраас түүнийг сумынхан нь Мижиддорж гэж дуудахаасаа илүү доктор Мэй гэж дууддаг.  Одоо ч М.Цэрэнханд нутагтаа очоод Мижиддоржийн охин гэхээсээ илүү доктор Мэйгийн том охин байна аа хэмээн нутгийнхантайгаа золгодог гэсэн.

Доктор Мэйгийн том охин хоёрдугаар ангийн шинэ жилээр сурлагаараа шалгарч, тухайн үеийн дарга нарын өмсдөг орос эсгий гутал, 12 мөнгөний хоёр дэвтрээр шагнуулсан нь түүнийг улам шамдаж, эрэмгий урагшлах анхны ташуур байв.
Хувийн зохион байгуулалт сайтай, сурлагаараа тэргүүн доктор Мэйгийн том охин ангийн дарга болов. Түүгээр барахгүй түүний сайн дурын үйл ажиллагааны анхны алхам бол пионерын байгууллын гишүүн болох байлаа. Бяцхан охины оюун санаанд пионерын байгууллагынхаа энгэрийн тэмдгээ зүүгээд явж байгаа дүр зураг хэзээ ч арилахгүй чимэг болон бичигджээ.

“Дөрөвдүгээр ангид орохдоо зураг авахуулж үзээгүй байлаа. Аймгийн төвөөс зурагчин машинд суугаад ирсэн. Тэр үед аав ээжийн үзэл санаа их сонин байж. Эхлээд толгойдоо эрдэм мэдлэг хийж байж үсээ ургуул гээд толгойны хоёр талд сонжуу гэзэг үлдээгээд бусдыг нь хусчихна. Нөгөө хоёр гэзгээ сүлжээд унжуулчихна. Ээж минь их уран учраас миний дүү бид хоёр хамгийн гоё дээл, гутал өмсдөг байлаа. Манай ангид Улаанбаатараас нэг охин шилжиж ирсэн чинь энгэр дээрээ хөөрхөн блокон зүү байнга хатгаж явна. Тэрийг нь бид их сонирхдог байлаа. Би ч зориг гаргаад л “Би зургаа авахуулах гэсэн юм. Зүүгээ нэг хэрэглүүлээч” гээд хэлчихлээ. Нөгөө охин хотын хүүхэд болохоор “Чи тэгвэл надад нэг дөрвөлжин шугамтай дэвтэр өгчих” гэдэг байгаа. Дэвтрээ өгөөд л зураг авахуулчихсан. Нэг сар боллоо. Зураг байдаггүй. Хоёр сар болсны хойно зураг ирлээ. Нөгөө энгэр дээрх зүүгээ л хараад байгаа юм. Хачин гоё” хэмээн дурсан ярьсан энэ хэсэг түүний амьдралын нандин дурсамж бас тухайн үеийн цаг үеийн өнгийг илтгэх шиг.

Доктор Мэйгийн том охин дөрөвдүгээр ангиа төгсөөд Увс аймгийн “Хархираа” амралтад явах эрхээр шагнуулсан нь Дарви сумынхны бөөн бахархал болов. Амралтад явахдаа анх удаа машинд сууж үзсэн нь одоо ч түүний дурсамж дунд тэр л догдлол, бяцхан айдастайгаа хамт орших аж. Монгол гутал, тэрлэгээ бөөгнүүлж аваад л суучихав. Тэгсэн өмнө нь огт хараагүй гоё хувцас болох даашинз, ботинк өмсчихсөн, дээс тоглох хүүхдүүд гээд цоо шинэ дүрслэл түүнийг угтав. Дуундаа тааруу ч бүжиг сурах авьяастай охин монгол гуталтайгаа багш нарын заасан бүгдийг сурав. Тэрээр сурсан бүхнээ ижий, аав, дүү нартаа харуулах гэж яарч байсан шиг нутгийн иргэд ч түүнийг хүлээж байсан хэрэг.
“Малаа хотлуулчихсан хүмүүс чинь орой манайд цуглачихна. Хөгшин залуугүй. Эмэгтэйчүүд нь цайгаа уугаа, эрчүүд нь тамхиа татаад л. Би наана нь хөл нүцгэн дээсээ тоглоод л. Хойш нь, урагш нь. Эмгэд өхөөрдөөд л яаж ингээд байна аа гэхээр нь улам онгирчихно. Яг л болжмор, болжмор гээд л өхөөрдөнө. Бүжгээ үзүүлнэ. Ямар авьяастай юм бэ. Гүй ээ мөн их юм сурдаг юм байна аа” гээд л...

Зэрэг сумын анхны Таван онцын эзэн халх охин

“Би гурван дүүтэй. Хоёр нь эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Одоо нэг л эмэгтэй дүү байна. Аав ээж маань хүүхдүүдээ эрдэм мэдлэгтэй болгох гэж их хичээдэг байлаа. Хэдийгээр малчин ард ч гэсэн засаг төрийн бодлогыг ойлгох гэж, тэр журмаар явах гэдэг байсан юм билээ... Ямар сайндаа л биднийг дөрөвдүгээр анги төгсгөөд гэрээрээ нүүж Зэрэг сумд очоод дүү бид хоёрыг сургаж байхав”
Намар болов. Дарви суманд дунд сургууль байхгүй. Зэрэг рүү явж сургуульд суухаар болж. “Аав гаансаа цохиод л “Одоо яадаг юм билээ” гээд л сууж байтал аавын ах орж ирээд “Охин хүүхэд сургуульд явж яадаг юм. Та нар суман дээр эмэгтэй нарийн бичгийн дарга байхыг үзсэн үү. Эмэгтэй хүний амьдрал бол гэр орноо авч явна, малаа маллана, хүүхэд гаргана, өсгөнө” гэдэг байгаа. Тэгсэн ээж уйлаад “Тэгвэл Мижиддорж малаа маллаад эндээ үлддэг юм байгаа биз. Би охидоо аваад явлаа. Зэрэг сумын сургуульд оруулна” гээд буучихлаа шүү. Тэгсэн аав, ах хоёр гараад л явчихлаа. Би ч хонь малаа хариулаад явчихсан. Иртэл сургуульд явах болсон байсан. Ээжийн минь буян өдий дайтай яваагийн минь эхлэл юм шүү” хэмээн тэрээр ярих.

Аялгуу цог золбоо дүүрэн эгшиглэсээр л...

“Хархираа” амралтад явсан хүүхдийг Зэрэг сумын сургууль хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Зуны амралтаараа сурсан бүжгээ өөлд хүүхдүүдэд заав. Авьяас, сурлагаараа ч сайшаагдлаа. Сурагчдын зөвлөлийн дарга, Бүлгэмийн зөвлөлийн дарга, Эвлэлийн гишүүн гээд л сурах чин хүслийг нь үнэлж, хариуцлагаар ухамсарлуулсан тухайн үеийн хүүхэд хөгжүүлэх арга туршлага үр дүнгээ өгөв.
Тэрээр Зэрэг сумд долдугаар анги төгсөхдөө тус сумаас төрсөн анхны “Таван онц” медалийн эзэн болов. Энэ сумынхан түүнийг таван онцын эзэн халх охин хэмээн хүндэтгэнэ. Эмч болох хүсэлтэй ч түүнийг сургуулийн багш нар нь “Чи бол багш болох ёстой хүүхэд” хэмээн ятгаж, багшийн үг хууль хэмээн бодож тэр л зарчмаар хүмүүжсэн М.Цэрэнханд тэр л ёсоор болгов. Гэхдээ тэрээр энэ сонголтдоо огт харамсдаггүй. Харамсах цаг ч байгаагүй мэт...
 
Бага ангийн багш М.Цэрэнханд

Долдугаар ангиа төгссөн тэрсхэн эгч дүүс Улаанбаатарт хөл тавьж, нэг нь Анагаах ухааны техникумд, нөгөө нь Багшийн их сургуулийн оюутан болов. Алс холын хязгаар нутгаас шуудангийн УАЗ-51 машинаар замдаа долоо хонож байж сая нэг нийслэлд хөл тавив. Өндөр байшин өмнө огт үзээгүй охин машины жолооч бүртгэлээ хийлгэх хооронд хоёр давхар байшинд үзэхээр гүйж ороод төөрсөн хөгтэй хөгтэй дурсамж ч бий.

Аав ээжийнхээ үгнээс гарч байгаагүй салаа гэзэгтэй бяцхан охин их сургуулийн оюутан болохдоо л үсээ ургуулсан гэдэг. Их үстэй байж үзээгүй тэрээр адууны тос үсэндээ түрхэж гялталзуулан хамгийн сайхнаар үсээ сүлжинэ. Бага ангийн багшийн ангид шалгалт өгч тэнцсэн тэрээр шууд л сангийн аж ахуйд гарах болов.
“Хүн танихгүй газар очно. Ямар ч үед хэн нэгэнд гуйлгахгүйгээр туслаад өгч байгаарай” хэмээн сургасан ээжийнхээ үгийн ачаар хаана ч, хэзээ ч газардсангүй, олонтойгоо эвтэй сайхан амьдарсаар ирж.

“Сангийн аж ахуй дээр очоод гэдэс арилгадаг хүүхэд байдаггүй. Гэдэс арилгасан хүүхдэд нэг өдрийн амралт өгнө гэсэн. Би чинь хөдөөний хүүхэд учраас гэдсээ арилгаж янзалчихаад л чанаад найзууддаа ахиухан хуваарилна...”
Түүний эмзэглэл “интернациональч амьдрал”. Жинхэнэ монгол хүүхэд гэдэг нэр томъёо гарч, тэр нь жил жилээр алсарч байгаа өнөө үед төр хүртэл бодлогоо тийш нь чиглүүлсэн нь сэтгэлийнх нь эмзэглэлийг бага ч гэсэн нимгэлэж байгаа юм.

1963 он. Сургуулиа төгссөн шинэхэн бага ангийн багш Ховд аймгийн төвийн сургуульд томилолтоо өвөртлөн очив. Сургуулиа амжилттай дүүргэсэн нь аль хэдийнэ аймагт сураг болон очсон учир түүнд даалгасан шинэхэн ангид дарга нарын голдуу хүүхэд хуваарилсан байжээ. Найман настай 38 хүүхэдтэй анги дааж авав.

“Багш болох сайхан. Цагаан захтай форм өмссөн хүүхдүүд бүгдээрээ намайг хайрлаж хүндэтгэсэн нүдээр харна. Юу ч гэж хэлсэн хүлээж авах цэвэрхэн цагаан цааснууд байхгүй юу, тэд. Надад итгэсэн 38 хүүхдийн 76 нүд өөдөөс ширтэж байдаг. Би энийг л мэдэрч чадсан. Өр зүрхэндээ би юу чадах билээ гэж бодоод л нэг их баярлаж догдолсон тэгсэн атлаа нуруун дээр хүнд ачаа мэдрүүлсэн агшин байжээ. Хэрэв би үүнийг тэр үед мэдрээгүй бол хожим ямар ч багш болох байсан юм билээ” хэмээн тэрээр ярив.

Анхнаас л мэдэрсэн эрч хүчээрээ ажилласан түүнээс ажлын бүтээмж ч арвин гарч. Гэтэл сургуулийн захирал “Манай энэ багш ингэж ажиллаж байна. Энэ яг багш хүний туршлага мөн үү, шалгаж өгөөч” гэсэн хүсэлтийг тухайн үеийн Боловсролын яаманд ирүүлсэн байна. Нийслэлээс хоёр ч эрдэмтэн очиж долоо хоног түүний ажилтай танилцав. Дээд газраас хүн ирсэн учраас сургуулийн бүх л хүн түгшиж байсан гэдэг. Эцэст нь хурал хийж сайшаагаад түүний арга туршлагыг “Бага ангийн хүүхдүүдийн сэтгэлгээг хөгжүүлэх туршлага, түүний үр дүн” гэсэн сайдын тушаалтайгаар батламжилсан аж.

Өрнүүн ажил ундарч, дааж авсан ангиа гуравдугаар ангид оруулаад байтал Хөдөлмөрийн багш нарыг бэлтгэх сургалт эхлэв. Нийслэлээс Боловсролын сайд Ховд аймагт хамгийн сайн багшийгаа сургалтад томилж явуул гэсэн лүндэн буулгаж, М.Цэрэнханд багшийг татаад авчихлаа.

Нялх хүүхдээ орхиод гарсан ч юу юунаас илүү ангийнханаа их санадаг байсан талаараа “38 хүүхэд, 38 эцэг, эх өнчирч үлдсэн дээ. Намайг явснаас болоод миний ангийг ч тараачихсан. Тийм сайхан нэгдэж ажиллаж байхад яахаараа ч курст явуулдаг юм” гээд л ярихдаа нулимсаа барьж чадсангүй.
Курсээ төгсөөд иртэл нялхаараа хоцорсон ууган хүү нь ч хүн болж чадсангүй. А үсэг заасан хүүхдүүд нь ч анги ангид хуваагдсан тэр үеийн дурсамж хамгийн гунигтай.

Амьдралын хүнд хэцүү үетэй зэрэгцээд түүний урам зориг ч унтарч эхлэв. Гэвч багшаа гэх хэдэн хүүхдээ харж, өөртөө тэр ташуур өгч, урагш тэмүүлэх хүчтэй болсон гэдэг. “Миний урд суугаа охид хожмын нэг өдөр хэн нэгэн залуугийн дурлалт бүсгүй, хүний хань, айл гэрийн эзэгтэй, хүүхдийн ээж болно. Тийм учраас яавал хүний хайрыг татаж, гэр орноо сайхан авч явах вэ гээд л бодож эхэлсэн. Санаачилга ч гаргаж ажиллах хэрэгтэй болсон доо” гэх.

Ингэж тэрээр нутагтаа 13 жил ажиллаад Улаанбаатарт шилжин иржээ. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль, Баянгол дүүргийн 43 дугаар сургуульд ажилласан он жилүүд түүний амьдралын нэгээхэн хэсэг. Хэдийгээр өдгөө гавьяаны амралтаа эдлэн суугаа ч Ахмад багш нарын холбоонд идэвхтэй ажиллаж, ахмад багш нараа залуучуудтай холбох гүүр болсон тэрээр тоо томшгүй олон шавь нарынхаа тэр л хүүхэд ахуйн гэгээн дурсамжинд үлджээ.

“Торго уйлуулахаар дайламба инээлгэ” хэмээн шавь нартаа сургадаг энэ эмэгтэй гурван охин, хоёр хүү төрүүлж, төр түмэндээ хэрэгтэй сайхан хүмүүс болгон өсгөжээ. Сайн эмэгтэй нөхрөө ноён болгодог шиг сайхан хань эхнэрээ амжилттай ажиллах хөшүүрэг болгодог аж. Энэ гэр бүл нийслэлийн тэргүүний анхны өрх айл өргөмжлөл хүртсэн нь үүнийг батлах аж...

5 Сэтгэгдэл
Найзынхаа ээжийн сайхан инээмсэглэл, намбалаг хирнээ дэгжин сайхан хувцасладаг гээл дахин уулзах шиг боллоо.
Ээжийнхээ тухай сайхан нийтлэлийг билэгт сайхан өдөр уншиж ерөөл тавилангаар ээжтэйгээ уулзах шиг боллоо. Нулимстай нүдээр нийтлэлийг уншаад сайхан байна
Ёстой багшийн минь жинхэнэ дүрийг амилуулсан сайхан дурсамж байна. Та нар баримтуудыг нь сайхан эмх цэгцэлж үргэлжүүлж зөв хадгалаарай. хожмын нэгэн өдөр хэрэг болох юм шүү
Ингээд байж байдаг сайхан юмаа. Ээжий минь 5 жилийн өмнө бидэнтэйгээ жаргаж биднийгээ баясгаж суусансан. Хийсэн бүтээсэнтэй олны хайр татсан содон бүсгүй байсан шүү.
миний сайхан бурхан ээж минь, ямар сайхан ярилцлага нийтлэл вэ. олон жилийн дараа ингэж олж унших гэж. Баярлалаа. ээжтэйгээ уулзах шиг л боллоо
Хамгийн их уншсан