Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийн сангийн санхүүжилтээр нийслэлд зургаан цэцэрлэг ашиглалтад орох нь


Нийслэлийн 42 хороо огт цэцэрлэггүй гэсэн тоо өнгөрсөн онд гарсан. Эдгээр 42 хорооны нэг нь  хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн долдугаар хороо. Тус хороо байгуулагдаад 20 жил болж буй ч өдгөө ганц ч цэцэрлэггүй. Хүүхдүүд нь зэргэлдээ гуравдугаар хорооны 50 дугаар цэцэрлэг болон хувийн цэцэрлэгт суралцдаг. Өнгөрсөн жилээс эхлэн тус хороонд Канад модон технологиор 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч энэ хичээлийн жил буюу есдүгээр сарын 1-нээс ашиглалтад орох ёстой байсан цэцэрлэг одоо ч эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд хүлээлт үүсгэн ашиглалтад ороогүй байна. Тус хорооны зарим иргэн өдөр бүр цэцэрлэгт очиж хүүхдээ бүртгэж байгаа эсэхийг нь нягтлах ажилтай болсоор таван сарын нүүр үзэж буй гэнэ. Шинээр байгуулагдаж байгаа цэцэрлэг нь 204 гэсэн дугаар авч, эрхлэгч нь томилогдсон ч барилга нь ашиглалтад орохгүй хүлээгдсээр. Ингээд тус цэцэрлэг хэзээ ашиглалтад орох талаар нэхэн сурвалжиллаа.

БСШУЯ болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа төслийн ерөнхий инженер Эрхэмбулганаас энэ тухай тодруулахад “БСШУЯ болон Дэлхийн банкны санхүүжилтээр өнгөрсөн оноос эхлэн цэцэрлэггүй хороодод Канад модон технологиор цэцэрлэг барих төсөл хэрэгжиж, 17 цэцэрлэг барьж ашиглалтад оруулахаас өнөө гурав нь л эздээ хүлээж аваагүй байгаа. Цагаан сараас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв. Гэхдээ 204 дүгээр цэцэрлэг уг төсөлд хамаарахгүй гэдгийг хэлсэн юм.

Ингээд БЗД-ийн долдугаар хорооны Засаг дарга Ч.Дүүриймаатай холбогдоход “Манай хороонд байгуулж буй 204 дүгээр цэцэрлэг ашиглалтад орохгүй байгаа нь улсын комисс хүлээж аваагүйтэй холбоотой. Онцгой байдлын газраас техникийн шалтгаанаар дүгнэлт гаргахгүй байгаа юм билээ” хэмээн хариулав. Тус хороонд шинэ он гарсаар 2-5 настай 572 хүүхэд бүртгэгджээ. Гэтэл шинээр ашиглалтад орох цэцэрлэг нь 100 хүүхэд л хүлээн авна. Цөөн тоотой хүүхэд гуравдугаар хорооны 50 дугаар цэцэрлэгт хамран сурах тойргоороо түрий барьж явдаг бол хувийн цэцэрлэгт үлдсэн хэсэг нь хүмүүжиж байгаа аж.

Долдугаар хороо байгуу­лагдаад 20 жилийн хугацаанд нэг ч улсын цэцэрлэг бариагүй нь газаргүй байсан гэдэг шалтгаантай холбоотой. Хотын төвийн орон сууцтай хороо учраас аль хэдийнэ хоосон газар нь эзнээ олчихсон. Гэхдээ 2012 онд иргэдийнхээ хүсэл сонирхол, хэрэгцээг харгалзан үзээд ухуулга хийсний хүчинд хагас жилийн хугацаа зарцуулан байруудын дунд орших хуучин гараашийг буулгаж, газар чөлөөлжээ. Ингээд орон нутгийн сангаас хамгийн олон иргэдийн санал авсан бүтээн байгуулалтыг төсөл болгон хэрэгжүүлэх зарчмаар санхүүжилт босгоод Канад модон технологийн цэцэрлэг барьсан гэнэ. Гэвч өдгөө Онцгой байдлын газраас дүгнэлт гарахгүй удсаар байгааг тус хорооны Засаг дарга Ч.Дүүриймаа ярьсан юм.


Э.Баярмагнай: 204 дүгээр цэцэрлэг ирэх сараас үйл ажиллагаагаа эхэлнэ

Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын Хяналт үнэлгээ шинжилгээний хэлтэсийн мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодрууллаа.

-Баянзүрх дүүргийн долдугаар хороонд барьж байгаа 204 дүгээр цэцэрлэг хэзээ ашиглалтад орох вэ. Танайхаас ямар хяналт тавьж байна вэ?
-Онцгой байдлын ерөнхий газраас модон барилга шаардлага хангахгүй гэж үзээд байгаа юм. Гэхдээ бид галын аюулын эсрэг бүх арга хэмжээг авсан. Бас Онцгой байдлын газартай хэлэлцээр хийж байна. Тиймээс ирэх сарын ихээр хүүхдүүдээ бүртгээд эхэлнэ.

-Нийслэлд орон нутгийн сангаас барьж байгаа хэдэн цэцэрлэг байна вэ?
-Баянзүрх дүүрэгт дөрөв, Чингэлтэйд нэг, Сүхбаатарт нэг байна.

-Баянзүрх дүүрэгт баригдаж байгаа дөрвөн цэцэрлэг бүгд ашиглалтад орох хугацаа нь өнгөрсөн гэсэн. Хэзээ ашиглалтад орох вэ?
-Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд барьж буй 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ирэх долоо хоногоос хүүхдээ бүртгэж эхэлнэ. Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн шинэ цэцэрлэг ирэх есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.

Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтний яриаг сонсоод нэг асуулттай үлдсэн нь бүхэл бүтэн хоёр сум, нийслэлд 17 цэцэрлэгийг Канад модон технологиор барьж ашиглалтад өгчихөөд байхад улсын комисс үг дуугүй хүлээж авчихаад, хорооноос санхүүжилт гаргаад барьсан цэцэрлэгийг Онцгой байдлын газраас галын тэсвэргүй хэмээн үзээд байгаа нь сонин. Энд ямар нэгэн эрх ашгийн зөрчил үүсээд байгаа юм биш байгаа гэсэн хартай л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан