Шинэ он гарахын өмнө Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй Монголын үндэсний олимпын хорооны гишүүн холбоод Д.Загдсүрэнг эсэргүүцэж хэвлэлийн хурал зарлаж байсан. Хэвлэлийн хурлын маргааш нь МҮОХ-ны удирдах зөвлөл хуралдаж өнгөрсөн оны тайлан болон Хяналтын зөвлөлийн тайлан, зарим холбоог МҮОХ-ны гишүүнээр элсүүлэх тухай хэлэлцсэн юм. Мөн ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон Удирдах зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардсан холбоодын шаардлагыг хэлэлцээд Д.Загдсүрэнд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураасан. Санал хураалтад оролцсон 64 гишүүний хоёр нь эсэргүүцэж, 96,9 хувь дэмжсэнээр Д.Загдсүрэн МҮОХ-г үргэлжлүүлэн удирдахаар болсон юм. Ингээд Д.Дагвадорж тэргүүтэй Д.Загдсүрэнг эсэргүүцэгчдийн хүчин зүтгэл талаар өнгөрч, тэр дахиад л суудалдаа үлдсэн билээ. Гэхдээ энэ нь МҮОХ-ны ерөнхийлөгч суудалдаа бат суусан гэсэн үг хараахан биш байжээ. Оны өмнө Д.Загдсүрэнг эсэргүүцэж буй спортын арван холбоо байгааг Д.Дагвадорж мэдэгдэж байсан бол дээрх хурлын дараа 19 болон нэмэгджээ. Ингэж хүчээ нэмсэн спорт холбоод эсэргүүцлийн дараагийн хэлбэр болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид захидал илгээхээр болжээ.
Захидлаар юуны түрүүнд дараах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонорт хүргэх нь зүйтэй гэж үзжээ.
“Д.Загдсүрэн нь МҮОХ-ны ерөнхийлөгчөөр цаашид үргэлжлүүлэн ажиллах ёс зүйн эрхгүй тул спорт холбоодын төлөөлөл огцруулах асуудал хөндсөн ч түүний тойрон хүрээлэгчид үүнийг үл хайхарч байна. Хуулиар ял шийтгэл хүлээсэн хүнийг энэ албанд ажиллуулах нь Монгол Улсын хууль дүрэм, ёс зүйн шаардлагад нийцэхгүй учир энэ асуудлаар Олон улсын олимпын хороонд албан ёсоор хандахаар шийдвэрлэлээ. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг ч тэрээр асуудлыг шийдэхийг хүссэнгүй. Ийм байдлаар асуудал цааш даамжирвал Монголын тамирчид олимп, тив дэлхий, бүсийн наадмуудад төрийнхөө алтан соёмбот далбаан дор жагсах боломж үгүй болно” хэмээн бичжээ.
Ийм явдал өмнө нь Энэтхэгт тохиолдож байсан гэдгийг ч тэрээр хэлж байлаа. Энэтхэгийн олимпын хорооны удирдлага хээл хахуулийн хэрэгт холбогдсоны улмаас Олон улсын олимпын хорооноос гишүүнчлэлийг нь түдгэлзүүлж, тамирчид нь Сочигийн өвлийн олимпын наадмаар улсынхаа далбаан дор жагсч чадалгүй олон улсын олимпын хорооны далбаан дор жагссан удаатай. Энэтхэгийн тал энэ маргаантай асуудлаа шийдвэрлэснээр эрхээ хасуулснаас 14 сарын дараа олимпын гэр бүлд дахин нэгдсэн билээ. Энэтхэгт тохиолдсон шиг ийм явдал манай улсад давтагдахад ойрхон байгааг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж сануулсан юм.
Мөн тэрээр “МҮОХ, цаашлаад Монголын спортын ертөнцөд ардчиллын үнэт зарчим алдагдаад удаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Д.Загдсүрэнг спортын байгууллагын олонх нь дэмжиж байгаа мэтээр сурталчилж байна. Үнэн хэрэгтээ тэрээр олон жилийн турш спортын хамт олныг өөрийг нь дэмждэг, дэмждэггүйгээр ялгаварлан гадуурхсаар ирсэн. Үүний уршгаар нэг төрлийн спортын холбоо хүртэл дотроо хуваагдлаа. Зөвхөн хурал дээр ирж, Д.Загдсүрэнгийн төлөө гар өргөдөг хэсэг бүлэг хүн байдаг” хэмээн онцолсон юм.
МҮОХ-г Д.Загдсүрэн “хувьчилж” авснаар ОУОХ-ноос ирүүлдэг төрөл бүрийн санхүүжилт, Азийн санхүүжилтийг хэрхэн зарцуулсан тухай тайлан мэдээ нууц болоод удаж байгаа аж. Үүнийг хэвлэлийн хуралд ирсэн Монголын олимпын медальтнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан, Монголын арван байт боулингийн холбооны ерөнхийлөгч Н.Тамир, Монголын даамны холбооны ерөнхийлөгч О.Мэндбаяр зэрэг спорт холбоодын төлөөлөл баталж байсан юм. Энэ мэт хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл нь Монгол Улсын болон олон улсын хууль, дүрэм, ёс зүйд нийцэхгүй байгаа тул Монголын спортын толгой байгууллагын үйл ажиллагааг зөв чигт нь залж, энэ талаар онцгойлон авч үзэхийг улсын Ерөнхийлөгчөөс хүсчээ.
Д.Загдсүрэн МҮОХ-г толгойлоход харшилж буй түүний холбогдсон хэргүүдийг эргэн сануулахад 59 жилийн түүхтэй Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгчөөр тэрээр 14 жил ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд цөөнгүй хэрэгт нэр холбогдсоноос 2004 онд нийслэлээс МҮОХ-нд олгосон долоон га газрын асуудал нэг хэсэг шуугиан тарьсан. МҮОХ-ны төв байрыг босгосон энэ газрыг 2008 оноос Д.Загдсүрэн хэсэг хэсгээр нь бусдад түгээж эхэлсэн байдаг. Тэрээр “Нийслэл өргөө” компанид 2008 оны наймдугаар сарын 25-ны өдөр 3,6 га газар тасдаж өгснөөр газрын наймааны эхлэл тавигджээ. Энэ мэтчилэн МҮОХ-ны газраас удаа дараа зарсаар МҮОХ-нд одоо 0,3 га газар л үлдээд байна. Уг хэргээр Д.Загдсүрэн, Захиргааны албаны дарга Б.Наранцэцэг нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Эрүүгийн хуулийн 150.2 буюу Аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдсэн хариуцсан этгээд завшсан гэсэн үндэслэлээр шалгасан. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 265.2 буюу Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэдгээр хариуцлага тооцсон юм. Ингээд “Хууль ёсны ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн” үндэслэлээр өнгөрсөн оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын шүүхээс түүний албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн ч 2009 онд гарсан Монгол Улсын “Өршөөлийн тухай хууль”-д хамруулан ялыг биеэр эдлэхээс чөлөөлсөн юм. Хэдийгээр Д.Загдсүрэн биеэр ял шийтгэлээ эдлээгүй, Өршөөлийн хуульд хамрагдаад өнгөрсөн ч албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан шүүхийн шийдвэр хүчинтэй хэвээр, энэ нь ч Олон улсын олимпын хорооны Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн спорт холбоодын төлөөлөл үзэж байгаа юм.