Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульгүй сургуулийнхны хүлээлт дахиад л нэмэгдэх нь


“Ган зам” 20 дугаар сургуулийн хичээлийн барил­гын өргөтгөл хугацаандаа ашиглалтад орж чадахгүй нь гэсэн сургаар сурвалжлахаар очоод тус сургуулийн захирал Н.Батбаяр “Манай сургуульд өн¬гөрсөн жил 1985 хүүхэд суралцсан. Дээр нь, 73 дугаар сургуулийн 12 бүлгийн 450 гаруй хүүхэд нэмэгдсэн. 2400 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэсэн. Одоо 73 дугаар сургуулийн барилгыг буулгаагүй л байна. Манай сургууль уг нь 975 хүүхдийн багтаамжтай л даа” хэмээн ярихыг сонссон юм. Тэгвэл тус сургуульд толгой хоргодож буй 73-ынхан ойрын гурван жилдээ “нэрмээс” болох нь.

Наад зах нь гурван жил хүлээ

Одоогийн байдлаар нийслэлд буулгаж, шинээр барихаар болсон зургаан сургууль бий. Үүнээс Гурав, 11 дүгээр сургуулийг улсын төсвөөр булгаж, барих ажил өрнөсөн. 73 болон 14, 32, 38 дугаар сургуулийг концессийн гэрээгээр барихаар болсон ч хариуцсан Эдийн засгийн хөгжлийн яам нь татан буугдсанаар ажил зогсонги байдалд ороод буй. Эдгээр сургуулийн барилга нэгэнт ашиглалтын шаардлага хангахаа больсон учраас ойролцоо сургуулиуддаа хичээллэж байгаа. Эдгээр сургуулийн төлөөлөл болгож 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцалтай уулзаж учир байдлыг тодруулахад “Манайд төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байрны хүүхдүүд сурдаг. Би хөөцөлдсөөр 2011-2012 оны хичээлийн жилд Хятадын хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн суудалтай сургууль бариулахаар болсон юм. Гэвч засаг солигдсоноор энэ мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. 2013 оны наймдугаар сарын 31-нээс бид сургуульгүй болж, 20 дугаар сургуульд 1-4 дүгээр ангийн 12, төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байранд тавдугаар ангийн гурав, 51 дүгээр сургуульд 6-7 дугаар ангийн 17 бүлэг хичээллэж байна. Энэ хугацаанд бид нөхцөл байдлыг ойлгож, бэрхшээл тоочилгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Даруй хоёр хичээлийн жил өнгөрч байна. Гэтэл одоо болтол сургуулийн барилгыг нураагаагүй л байна” хэмээн бодит байдлаа учирлав.

Тэгвэл үүн дээр БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Концессийн гэрээг өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байлаа. Ха­рам­салтай нь, есдүгээр са­рын 1-нээс Засгийн газ­рыг огцруулах асуудал ярьж, үүнээс болоод Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагаа сааран, удалгүй татан буугдсан. Одоо концессийн гэрээг Аж үйлдвэрийн сайд хариуцаж байгаа. 10 сургууль, цэцэрлэг буулгаж барих, мөн сургууль, цэцэрлэгийн 72 цогцолборын төслийн концессийн гэрээний үндсэн тохироог хийсэн гэж ажлын хэсгийнхэн мэдээлэл өгсөн. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ сардаа ба­таагаад шийдвэр гаргачихвал 2015 онд зургаан сургууль, дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно. Ямар ч тохиолдолд эдгээр сургуулийг концессийн гэрээгээр барьж, энэ жилдээ ашиглалтад оруулна” гэв. Гурав болон 11 дүгээр сургуулийн жишгээс харахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ашиглах боломжгүй акт тавьж үйл ажиллагааг нь зогсоосон мөчөөс хойш даруй гурван жил өнгөрч байна. Тэгсэн ч сургуулиуд бүрэн ашиглалтад ороогүй.
Ингэж байшингүй сур­гуулийн сурагчид өөр сургуульд шилжиж, хүүхдүүд нь ч цөөрсөөр.

Хаана байна тэр олон сургууль чинь

Нийслэлд зарим сургуу­лийнхан ийн толгой хоргодож байхад БСШУЯ-наас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 111 сургууль, 162 цэцэрлэгийн барилга, 43 дотуур байр, 34 спорт заал ашиглалтад оруулсан хэмээн ярих. Хүн ам төвлөрөн суурьшсан нийслэлийнхэн энэ тоог сонсоод “Хаана байна тэр олон сургууль, цэцэрлэг чинь” хэмээн бухимдах нь энүүхэнд. Нийслэлийн сургуулиуд ачаалал нормоо 2-5 дахин хэтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байхад орон нутгийн сургуулиуд 640, 920 хүүхдийн багтаамжтай ч хүүхдүүдийнх нь тоо 300 ч хүрдэггүй тохиолдол олон бий.

Энэ талаар БСШУ-ы сайд Л.Гантөмөр тайлбарлахдаа “УИХ төсөв баталдаг. Гэхдээ УИХ-ын гишүүд тойрогтоо хөрөнгө оруулалт татах гэдгээс яамны төлөвлөлтийг алдагдуулж орхидог. Бид хэрэгцээтэй газарт цэцэрлэг, сургууль барих санал тавьж, тэнд зардлаа нэмэгдүүлэхийг хичээдэг. Гэтэл УИХ-ын гишүүд сонгогдсон аймагтаа сургууль барихыг шаардах, санал гаргах бүрэн эрхтэй. Үүнээс болж цамаан гэж хэлж болох хөрөнгө оруулалт хийдэг. Манай эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь энэ. Хэдэн зуугаар нь барилга бариад эхлүүлчихдэг, дуусгаж чаддаггүй. Жишээ нь, гурван тэрбум төгрөгийн үнэтэй байшинг 100 саяар эхлүүлчихэж байгаа юм. Үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нь хэзээ төлөх юм, бүү мэд. Тойргоос сонгогдсон гишүүд байгаа жаахан мөнгөндөө олон ажил эхлүүлж, ажлын үзүүлэлт гаргахын төлөө ажиллаж байна. Гишүүдийн ч, Засгийн газрын ч буруу биш. Энэ бол бид хууль, тогтоомжийг батлах зарчим дээрээ алдсаныг харуулж байгаа юм. УИХ-ын гишүүдэд том сургууль байх тусмаа сайн гэдэг мэдээлэл орон нутгаас ирдэг. Үүний дагуу УИХ-д санал гаргаж, тэр нь санал хураалтаар дэмжигддэг. Нэгэнт УИХ-ын баталчихсан зүйлийг хийх шаардлагатай болдог” гэв.

Боловсролын салбар дахь царцаа бүрэн гэссэн

Өнгөрсөн онд олон сур­гууль, цэцэрлэгийн барилгын ажил царцсан. Тэгвэл салбар яамнаас одоогоор бүгд “гэссэн” гэдгийг мэдэгдсэн юм. Царцаасан барилгуудыг энэ жил барихаар төсөвт тусгасан аж. Гэхдээ мэдээж барилгын тоо хэт олон, мөнгө бага учраас үлгэн салган үргэлжлүүлэх 130-140 объект байгаа гэнэ. Мөнгө хүрэхгүй тул энэ жил ч гэсэн дуусгаж чадахгүй гэдгээ хэлсэн юм. Барилгын ажил царцаж буй нь дээр дурдсан бага мөнгөөр их зүйл хийж харагдах гээд олон ажил нэг зэрэг эхлүүлдэгтэй холбоотой. Энэ жил нэг тэрбумаар төсөвлөгдсөн барилгын үнэ ирэх жил 1.2 тэрбум болж өсч байгаа нь зах зээлийн хууль гээд хэлчихэд буруудахгүй. Ингэхээр төсвийн мөнгө хүрэлцэхээ больж тухайн объектын барьж буй барилгын компани ч дампуурах эрсдэл хүлээдэг. Ингэхээр цаашид сургууль цэцэрлэгийн барилгын тендерт өрсөлдөгчид цөөрөх нөхцөл үүсэх юм. Үүний үр дагавар чанаргүй барилга.

Энэ талаар салбарын сайд “Бид цаашдаа сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн менежмент, төлөвлөлт, технологид нэн тэргүүнд анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, чанар. Сургуулийн барилга нурдаггүй байх ёстой. Энэ бол тэргүүн зарчим. Гэтэл тендерийн хуулиар бол хамгийн хямд, муу барилгыг нь авах хэрэгтэй болдог” хэмээн ярьсан нь одоо байгаа байдал боловсролын салбарынхныг цагаан туг өргөхөд хүргэснийг нотолж байна.

Ингээд асуудлыг сөхөөд, ухаж төнхөөд байвал сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүй байгаагийн буруутныг хайх эрэл гинжин хэлхээ мэт үргэлжилнэ. Гэвч буруутныг олж, асуудлыг шийдэх гэсээр байтал өөрсдийн байргүй сургуулийнхан наад зах нь 3-5 жил хүлээх нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан