Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Гулнар: Номын сангаас мөнгө харамлаж болохгүй


Ном дотор зам бий... Эл номлол ёсоор номын зам мөрийг хөөж эвлэлдэн нэгдэх залуус олон болж. Ном уншиж, түүнээсээ мэдлэг мэдээлэл, сэтгэл ханамж,  авч мөн түүгээр хүмүүжиж буй залуусыг нэгтгэсэн “Номтой нөхөрлөе” клубын ээлжит уулзалтад саатсан юм. Уншсан номоо бусдадаа хуваалцаж, мэтгэлцээн, халуун дулаан яриа өрнүүлэх оюунлаг залуус олон болж байгаа нь сайшаалтай. Тиймдээ ч ахмад үеийнхэн хүртэл тэдний үйл хэргийг дэмжиж, хамтран ажиллаж буй юм. Тэдний нэг болох ШУТИС-ийн Төв номын сангийн захирал, “Номтой нөхөрлөе” клубийн зөвлөх Ч.Гулнартай ном, номын сан болоод оюутан залуусын тухай ярилцлаа.

-Уулзалтын тухай сэт­гэгд­лийг тань сонсъё?
-Өнөөдрийн уулзалт үнэхээр таатай санагдлаа. Ер нь, иймэрхүү чөлөөт уулзалт байх ёстой юм л даа. Өнгөрсөн зун манай хүүхэд Стэнфордын их сургууль төгсөхөд нь би очсон юм. Хараад байхад яг өнөөдрийнх шиг сонирхлын бүлэг, хүүхэд залуусын уулзалт тэр дундаа ном унших дуртай, тогтмол уншдаг, номыг анд нөхрөө болгосон залуус гадны улс оронд илүүтэй ингэж суудаг юм билээ. Энэ нь олон талын ашиг тустай. Мэдээж уншсан номынхоо тухай яриад байгаа мэт боловч цаана нь асар том хүмүүжил буй юм. Түүнчлэн, өөрийгөө нээх, найз нөхөдтэй болохоос эхлээд сайн талыг нь дурдаад дуусахгүй. Гэхдээ заавал залуус гэх нь нэг талаар буруу, би ч өөрөө хүүхэд залуус гээд ярьчихлаа. Дундаж, нас тогтсон  хүмүүс гээд унших дуртай хэн бүхэн энэ мэт уулзалтад оролцож байх нь зүйтэй. Эцэг эхчүүд ч хүрч ирээд сууж болно биз. Үр хүүхдээ юу уншиж байгаа, түүгээрээ хэрхэн хүмүүжиж, ямар хүмүүсээр хүрээлүүлж байна гээд тэднийг ойлгоход дөхөмтэй.

-Өмнө нь залуус унших дуртай ч орчин нь сайн бүрдээгүй байсан гэж ойлгодог?
-Үнэн үнэн, ганц нэгхэн номын сантай, тэр нь тогтмол үйл ажиллагаа явуулах нь ховор. Үйлчилгээ ч тун тааруу. Дээр нь орчин үнэхээр бүрдээгүй. Номын сан гэдэг нэртэй ч уншигчийн тав тух, сэтгэл ханамжид анхаарал хандуулдаг билүү. Ухаандаа үйлчилгээний л байгууллага болсон хойно нэн тэргүүнд үүнд анхаарах ёстой биз. Энд нэг зүйлийг бардам хэлэхэд манай номын санд улсын тэргүүлэх номын сангуудад ч байхгүй нэг л зүйл бий. Ном гэж бодож байна уу...

-Харин л дээ?
-Үгүй, ердөө л орчин. Манайд ном унших гэж ирсэн хүмүүс заримдаа “Сайхан амраад гарлаа” гэдэг. Тэр бүү хэл номоо уншиж байгаад нам унтаад өгөх нь ч байна. Номын сангийн ажилтнууд маань унтчихсан уншигч, оюут­нуудыг сэрээх гэдэг л дээ. Би харин, унтаж л байг гэдэг. Яагаад болохгүй гэж, тэр хүн төлбөр мөнгөө төлөөд, кар­таа нээгээд орсон л бол хэзээ гарах нь өөрийнх нь мэдэх хэрэг. Унтана уу байна уу, гагцхүү чимээ л гаргахгүй бол болох нь тэр. Ер нь, ном уншаад тайвширч, бие нь амардаг хүн олон байдаг шүү. Би удаан хугацаагаар сууж уншиж байгаа хүмүүст “Углааш авчирч өмсөөд, гут­лаа тайлаад суугаач” гэдэг юм. Бие нь амарна биз, мөн номоо уншаад тархи нь ч амарна. Энэ чинь үйлчилгээ биз дээ. Би хүн ном уншаад сэтгэл ханамж авч байх ёстой гэж үздэг. Эл сэтгэл ханамжийг бүрдүүлдэг нэг хэсэг нь номын сан, номын сангийн таатай орчин.
Манай номын сангийн давхар бүрт оюутнууд тухалж суугаад хичээл хийх боломжтой ширээ сандал байдаг. Тэр сандлууд дээр найз охиныхоо гарыг атгаад сууж байгаа оюутнууд цөөнгүй. Үйлчлэгч нар хичээл хийхгүй бол гар гэж хөөдөг байв аа, болохгүй л дээ. Тэдэнд тэгж суух орчин байхгүй дээ л тэгж байгаа юм. Яахав, 70 мянгаа аваад баар, пабд ороод сууж болох ч одоо хүүхдүүд тийм юмнаас залхаж байна шүү дээ, тэд илүү тайван орчин үгүйлж байна. Тиймээс, төр засаг, шийдвэр гаргагчид номын сангаас мөнгө харамлаж болохгүй.

-Тийм шүү, үнэндээ залуус чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс гээд л яриад байдаг. Ийм үйлчилгээ их нэвтэрвэл зүгээр санагдлаа?
-Бид алив юмыг дандаа хожуу ухаарч, хэрэглэж, нэвтрүүлдэг улс. Нэг ёсны цаг үеэсээ хоёр алхмаар хоцорч явдаг. Азийн улсууд, барууны орнуудад энэ мэт үйлчилгээ үнэгүй болоод удаж байна. Ард иргэдийнхээ стресс, бухимдалгүй амьдрах орчныг нэн тэргүүнд бүрдүүлдэг юм байна. Жишээ нь, Англид явж байхад битүү модтой цэцэрлэгийн дунд үнэгүй, нийтийн номын сан байж таарна. Тэр жижигхэн номын сангийн фонд өдөр бүр шинэчлэгдэж байдаг. Чи өнөөдөр нэг ном авч унших бол оронд нь заавал нэг ном хийнэ. Үүнийг хүн бүр ухамсарладаг болохоор зайлшгүй дагаж мөрддөг. Номын сангийн номыг урж тасдах, үрэн таран хийнэ гэж үгүй. Номоо авч хажуу дахь сандал дээр нь модны сүүдэрт сууж уншчихаад л буцаагаад хийчихнэ. Нэг талаар төрөөс гүйцэлдүүлэх ажил, нөгөө талаас иргэдийн ухамсрыг ихээхэн шалгах зүйл л дээ.

-Нэг ёсны хэрэглээний соёлд суралцах юм уу даа?
-Тэгэлгүй яахав, манай 280 суудалтай уншлагын танхимд чанга ярих юм уу, номын хуудас тас хийтэл эргүүлэх чимээ сонсогддоггүй шүү. Энэ нь хэрэглээний соёлын хэлбэр юм. Үгүйлээд байсан орчин нь бий болохтой зэрэг тэр орчины хууль, дүрэм журмыг дагаж эхэлнэ биз. Гэвч хэрэглээний соёл гээчийг зүгээр нэг хэвшил болгочихдог юм биш. Тэнд ажиллаж байгаа хүмүүс өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Наанадаж өглөө ажилдаа орохдоо утасныхаа дууг хаадаг, танхимд утсаар ярьдаггүй байх ёстой. Бүр баруунд хамрын ханиад туссан номын санчийг эдгэртэл нь ажиллуулдаггүй байх жишээтэй. Ном уншиж буй хүмүүс дунд орчихоод шур шур гээд нусаа татаад байвал ямар байх вэ. Энэ бол номын сангийн хууль юм л даа. Хууль яаж хэрэгжих ёстойг, бүрэн утгаараа хэрэгжвэл ямар байдгийг номын сангаас харж болно. Бид өдийг хүртэл өчнөөн л хууль санаачилж, баталлаа. Хэрэгждэг нь хэд билээ. Гараад захын ТҮЦ-нээс л ширхэгээр тамхи авчихна биз.

-Номын сангийн үйл ажил­лагаа улирлын чанар­тай болчихсон гэдэг. Энэ тухайд?
-Яахав нэг талаар үнэн. Дулаан улиралд, тэр дундаа ихэнх хүмүүс, хичээл сургууль амарчихдаг зуны улиралд номын сан эзгүй байх нь элбэг. Гэхдээ хүн цөөтэй гээд ор тас ажиллахгүй байж болохгүй. Аль нь ч билээ амьд хөгжмийн нэг хамтлагийн анхны тоглолтод таван хүн ирж байсан гэдэг. Гэхдээ л тэр хамтлаг цөөн гэлтгүй сонсогчдоо хүндэтгээд тоглолтоо хийж байсан юм билээ. Үүн шиг л хоёр хүн сууж байсан ч номын сан ажиллах ёстой. Азаар өнгөрсөн онд УИХ-аар Номын сангийн тухай хууль баталлаа. Бодитоор хэрэгжиж эхэлвэл чи бид хоёрын яриад буй зарим асуудал нэг тийш болох болов уу. Ер нь, соён гэгээрлийн хамгийн том төв болохын хувьд бид эл нийгмийн хар масст зориулсан үйлчилгээг шат ахиулах болсон.

-Нэг танил маань их сургуулиудын номын санг амьтны хүрээлэнтэй зүйр­лэж байсан юм. Тоогоо алд­сан их сургуулийн номын сангийн стандартын тухай яриад байгаа хэрэг?
-/инээв/ За ёстой голыг нь олоод хэлчихэж дээ. Нуулгүй хэлэхэд тийм шүү. Зүгээр л гэрээр ном олгодог газар шиг байгаа нь олон. Угтаа тэнд л ирээдүйн инженер, их сэтгэгч, суут зохиолч төлөвшиж, тэнд л номын амтанд шимтэж суух ёстой. Их сургууль гээд ярихаар ээдрээтэй л дээ. Нэгдүгээрт, хувийн өмч. Удирдлагаас нь номын сандаа яаж анхаарах нь дурын хэрэг. Стандарт яривал магадгүй сургуулийн бүтэц, зохион байгуулалттай хамаатай болно. Товчхондоо, ямар чиглэлээр мэргэжил эзэмшүүлж, сургаж байгаагаас хамаарч анги танхим, лаборатор, номын сан, ном сурах бичгийн тухай ярина. Магадгүй энэ бүхний харилцан хамаарлаар стандартыг нь өөрөөр тогтоож болох. Юутай ч, их, дээд сургууль, коллежууд заавал номын сантай байх ёстой.
Түүнээс гадна номын санч нь сургуулийн удирдлагуудад өргөжүүлэх, фондоо сайжруулах, тохижуулах гээд тогтмол хандаж байх ёстой. Би зарим их сургуулаар орж энэ тухай номын санч нартай нь ярьсан л даа. Үнэндээ халгаадаггүй гэх юм билээ. Тэгэхээр энэ талын зохицуулалтыг боловсролын салбарт хийх цаг нь болжээ.
Энүүхэндээ гэхэд намайг анх ШУТИС-ийн номын сангийн захирлаар ирэхэд хүмүүс “Чи тэгж доошоо орж яадаг юм” гэж байсан шүү. Уг нь, эрдэмтэн судлаач, багш нарын ном хэвлэгдмэгц хам­гийн түрүүнд миний гар дээр ирдэг. Гоё биз дээ. Гэтэл хү­мүүс номын санчийн ажил мэр­гэжлийг одоо ч сумын клу­бийн улаан хацартай, цэнхэр дээлтэй бүсгүйгээр төсөөлдөг.

-Тэр хүмүүсийнхээр бол та цэнхэр дээлт болж таарах нь?
-/инээв/ Харин тэгж л таарлаа. Доктор хамгаал­чихаад профессор цол зэрэгтэй хүн байж номын санд очоод байхдаа яадаг юм гэнэ. Ингэж сэтгэж байна гэдэг номын сангийн салбар хөгжихгүй, хаягдаж хоцорсны л илрэл.

-Хууль баталж, номын сангийн бүтээн байгуулалт хийх болсонд бага ч болов нөлөө үзүүлсэн хүмүүс нь энэ клубынхэнтэй адил залуус байх?
-Яг зөв, энэ мэт бүлгүүдийн нөлөө их бий. Та нар санаж байгаа байх, өнгөрсөн жил талбай дээр болсон суулт. Тэр суулт хүмүүст их юм бодогдуулсан шүү. Ном, номын сангийн төлөө гэсэн залуусын нэгдэл ч олон болж. Тиймдээ ч би нэг ч болов бүлэгт нь зөвлөхөөр ажиллая гэсэн санал гаргасан. “Номтой нөхөрлөе” клубын зөвлөх болсон нь надад үнэхээр таатай байгаа. Хөндлөнгөөс харахад хэдэн жаахан хүүхэд дунд нэг хөгшин суучихсан мэт боловч эдгээр хүүхдээс их юм сурч болно. Би одоо ч залуусаас суралцаж байна. Тэдэнтэй ойр байж хүсэл сонирхлыг нь таньж, ойлгоход сайхан байдаг. Өөрийгөө тэдэн шиг төсөөлж, сэтгэлгээ маань залуужаад байх шиг санагддаг.

-Улсын хэмжээний томоо­хон номын санг авч яваа хүнээс асуухад өнөөдөр бид яагаад Г.Аюурзана, орчуулгын хэдэн номноос өөр унших юмгүй болчихов?
-Сэдэв, аль эсвэл масст юу өгүүлэгдэж байна гэдгээс л болж байгаа хэрэг. Магадгүй Аюурзаны орчуулга, бүтээлүүд массын олонхид таатай байгаа. Нөгөө гадны цувралууд ч мөн адил уншигчдад хүрэх зам нь олон болсон. Наанадаж өнөөдөр кино нь гарсан байтал маргааш ном нь орчуулагдаад ороод ирдэг. Хүмүүс сонирхоно биз.

-Дотоодын номын зах зээл гэж юм бий. Манайхан ном гаргахгүй байна уу гэтэл үгүй, тэдний зохиол бүтээл номын дэлгүүрийн лангуунд дээр тоосонд дарагдаж хэвтэх нь их байна. Гэтэл таны хэлээд буй орчуулгын цувралууд талх шиг л борлогдох юм?
-Харин энэ тухай л яриад байна. Тоосонд дарагдаж хэвтээ номууд уншигчдын сонирхлыг татахгүй байгаад л учир бий. Нэг талаас зохиол бүтээл гаргагчид нь хэтэрхий адилхан сэтгэхүйтэй болчихож. Түүхэн юм хийх гэж оролдовч хоорондоо адил. Орчин үеийн зохиол бүтээлүүд ч төсөөтэй. Нөгөө талаас залуусын сонирхол утга зохиол гэхээс илүүтэй улс төр, эдийн засаг, бизнес рүү чиглэх нь их байна. Цахим ертөнцөөс энэ талын мэдлэг, мэдээллээ олж байна. Тэгэхээр манай хуучны сонгодгууд л эрэлттэй чигээрээ үлдээд байх шиг.

-Оюутнууд ер нь хэр улс­төрждөг хүмүүс байх юм?
-Аймшигтай, нуулгүй хэлэхэд хэн хүнгүй улстөржих нь их болж. Хөдөө орон нутгаас ирж сурч буй оюутнууд бүр ч их. Нөгөө улс төрийг чи сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно гэгчээр аль нь алиныгаа сонирхоод байгааг бүү мэд. Уг нь, уншиж судалж, ухаж ойлгочихоод улстөржвөл сайнсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан