Тунгалаг дэлгэц болон камераар тоноглогдсон “Google Glass” ухаалаг нүдний шилнийхээ туршилтын технологийн үйлдвэрлэлийг зогсоож буйгаа Америкийн “Google” компани мэдэгджээ.
Ийм шийдвэр гаргах болсны шалтгаан нь үнийн болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах асуудалтай холбоотой байна.
“Google Glass”-ийн шинэчилсэн хувилбар АНУ-д өнгөрсөн оны тавдугаар сард худалдаанд гарсан бөгөөд 1500 долларын үнэтэй байжээ.
2012 онд болсон тус компанийн бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний үеэр “Google Glass”-ыг анх олон нийтэд үзүүлсэн билээ.
Уг төхөөрөмжийг гэрэл зураг, дүрс бичлэг авахад ашиглах боломжтойгоос гадна, авсан материалаа цахим шуудангаар явуулж, нийгмийн сүлжээнд байрлуулж болдог байна.