Гурван жилийн өмнөөс дээд боловсрол эзэмшихээр суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг буюу олны нэрлэж заншсанаар 70 мянган төгрөг олгож эхэлсэн. Улсын төсвөөс жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг тус тэтгэлэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 300 гаруй тэрбум төгрөг зарцуулаад буй.
2014-2015 оны хичээлийн жилд гэхэд 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон. Гэвч байнга шүүмжлэлийн бай болсоор ирсэн оюутны 70 мянга эдийн засаг хямралтай өнөө үед улсын төсөвт хүнд ачаа болж, тэтгэлэг авах босгыг өндөрсгөх замаар зардал хэмнэх тухай санал хаа хаанаасаа гарах болсон. Эрх баригчдын зүгээс, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч энэ тухай байр сууриа илэрхийлж ирсэн ч гагцхүү оюутнууд л өнөөг хүртэл 70 мянгынхаа талд бат зогссоор ирсэн билээ.
Тэгвэл Монголын оюутны холбоо болон 20 гаруй их, дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга өчигдөр олон нийтэд хандан, 70 мянгаас “татгалзаж” байгаагаа зарлалаа. Тэд улс орныхоо өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд үндэсний тэтгэлэгт зарцуулж буй улсын төсвийг 32 тэрбум төгрөгөөр хэмнэх санаачилга гаргажээ. Үүний тулд үндэсний тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах хэд хэдэн санал гаргаснаа танилцуулав. Үндэсний тэтгэлгийн босго голч оноог 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмыг 3.0 болгон нэмэгдүүлж, тус болзлыг хангасан оюутан суралцагчдад л 70 мянгыг олгох санал гаргажээ. Ингэснээр 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгож, өмнөхөөс даруй 32 тэрбум төгрөг хэмнэх боломжтой болох юм.
Мөн магистр болон докторын шатлалын суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохыг зогсоосноор 4.8 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтойг ч тооцсон байна. Түүнчлэн сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах, голч дүнгээс гадна тухайн оюутны амьжиргааны түвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй бол голч дүнгээс үл хамааран тэтгэлгийг олгох нь зүйтэй гэж үзжээ. Ийнхүү оюутнуудад зориулсан төсвийн зардлыг хэмнэснээр эхчүүд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн халамжинд мөнгөө зарцуулаасай, нийтийн номын сан, оюутны дотуур байр зэрэг оюутан суралцагсдад хэрэгтэй бүтээн байгуулалт, боловсролын шинэчлэлийн үйл явц, дэлхийн томоохон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нарыг урьж хичээл заалгах гэх мэт хөтөлбөрт хөрөнгө оруулаасай гэж хүсч байгаагаа оюутнууд илэрхийллээ.
Ийнхүү 70 мянгаасаа сайн дураараа татгалзах саналыг оюутны холбооны удирдлагууд гаргасан тухайд оюутнууд өөрсдөө ямар санаа бодолтой байгааг сонирхлоо.
Б.Анхбаяр /ХИС-ийн банкны эдийн засаг, орчуулагчийн гуравдугаар анги/
-Хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу оюутнуудад өгөхөө больчихвол бас хэцүү л дээ. Амьдралын боломжоосоо шалтгаалаад муу сурч байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм оюутнууддаа өгч байна гэвэл 70 мянгаас татгалзах саналыг дэмжиж байна.
О.Анужин /Этүгэн дээд сургуулийн Эмчилгээний хоёрдугаар анги/
-70 мянга уг нь их хэрэг болдог. Анагаахын чиглэлийн ойр зуурын ном, хэрэглэгдэхүүнээ авахдаа хэрэглэдэг. Урамшууллын тэтгэлэг ч төлбөрт нэмэртэй. Голчийг 3,0 болгох хэрэггүй байх аа. Ядаж 2.8 юм уу 2.5-аар тогтоож өгвөл дээр гэж бодож байна.
Л.Цогбадрах /ШУТИС-ийн Нефтийн бүтээгдэхүүн, химийн технологийн хоёрдугаар курс/
-Дэмжиж байна. Улсын төсвийг хэмнэж байгаа учраас гол дүнгээр нь үнэлээд тэтгэлэг өгөөд эхэлвэл оюутнууд ч өөрсдөө хичээл сурлагадаа шамдана. Чанартай оюутнууд сургууль төгсөнө. Зөв л гэж бодож байна.
Э.Ариунболд /МУИС, Программ хангамжийн гуравдугаар курс/
-Их зөв санал байна. Голч дүнг 3.0 болгохоор оюутнуудын сурлага ч дээшилнэ.
Хэмнэсэн мөнгөө номын сан өргөжүүлэх ч юм уу гадаадын их, дээд сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөрөө хөгжүүлэх гэх мэтээр зарцуулбал болж байна.