Улсын хөгжлийн тулгуур нь Шинжлэх ухааны ололт гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг. Харин Монголд бол улс төрчид уран яруу үгээр улсыг хөгжүүлнэ гэсэн ойлголттой. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгийг хямралаас гаргахын тулд авч хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь төсвөөс санхүүждэг шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их сургуулиудад нэгтгэх алхам. Тэрбээр энэ тухай, “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал Хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгаа хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” гэж чуулганы индэр дээрээс онцолсон нь олон докторуудын дургүйг хүргэсэн.
Шинжлэх ухааны хүрээлэнд ажиллаж байгаа эрдэмтэн доктор, эрдэм шинжилгээний ажилчид дуугүй суусангүй. Ерөнхий сайдыг дээрх үгээ буцааж авахыг шаардаж Чингисийн талбайд жагсаал зохион байгуулж олон хүний нүдийг орой дээр нь гаргах шахав. Өөрөөр хэлбэл, ийм олон эрдэмтэдтэй гэдгээ ард иргэд маань тэгэхэд л мэдэрсэн болов уу. Арга ч үгүй биз өдөр бүр нээлт хийдэг. Хийсэн нээлтээ амьдралд хэрэгжүүлэх гэхээр төсөв хөрөнгөгүй учраас дөрвөлжин өрөөндөө химийн томьёо бодож, хэдэн хуудас цаас бичихээс өөрөөр ил гардаггүй эрдэмтэн бүрийг олон нийт яаж ч олж харах билээ. Тэдэнд улс төрчид шиг уран яруу үг хэллэг байхгүй. Үзүүлж харуулна гэхээр хэдэн судалгааны материал, туршилтын бага сага зүйл л бий. Хөгжүүлэлтийг нь төр нь хийдэггүй шинжлэх ухааны хөгжил монголд байна.
Академчдийн тайлбарлаж байгаачлан, Ч.Сайханбилэгийн нүд үзүүрлээд байгаа шиг тоо томшгүй олон хүрээлэн монголд байхгүй аж. Засгийн газрын 1997 оны 31-р тогтоолоор эрдэм шинжилгээний байгууллагуудыг цөөлсөн бөгөөд одоо идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчийн 40 орчим хүрээлэн байдаг бололтой.
Түүнчлэн дээр дурдсан 40 гаруй хүрээлэнгүүд нь одоо ч ШУТИС-ийн харьяанд байдаг ба удирдлагыг нь ШУТИС-ийн захирал томилдог атал ШУА-ийг их сургуулиудад тараана гэх Ч.Сайханбилэг сайдын хэлсэн үгийг академчид маань “Өөрийнх нь юмыг өөрт нь өгнө гэдэг нь юу гэсэн үг юм бол” хэмээн гайхширсан удаатай. Асуудлыг ул суурьтай судлахгүй ард олонд таалагдах гэж мухайрладаг улс төрчийн үйлдэл эрхэм Ерөнхий сайдын үг болчихов уу? гэх асуултыг эрдэмтэд өөр хоорондоо тавьж сууна.
ШУА-ийн зүгээс Засгийн Газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дотор улсын төсвийн нэг ч байгууллага байхгүй гэдгийг онцолж буй. Тэд бүгдээрээ улсын захиалгаар зарласан төсөл, уралдаад, шалгарч санхүүжилтээ олж авдаг байна. Уг санхүүжилтийнхээ хүрээнд судалгаа шинжилгээ хийдэг бөгөөд ШУА-ийн харъяа хүрээлэнгүүдийн дийлэнх нь гадаад хамтын ажиллагаанаасаа нэлээд хөрөнгө босгож үндсэн ажилдаа зарцуулдаг гэнэ.
Өндөр хөгжилтэй орнуудын хувьд улсын төсвийнхөө тодорхой хэсгийг Шинжлэх ухааны хөгжилд зарцуулах хууль эрх зүйн зохицуулалтай байдаг. Тухайлбал өндөр хөгжилтэй улсын хувьд ДНБ-нийхээ 1-3 хүртлэх хувийг шинжлэх ухааны хөгжилд тусгайлан зарцуулж байна. Тодруулбал Япон улс гэхэд ДНБ-ний 1,2 хувийн жил бүр шинжлэх ухаандаа хөрөнгө оруулдаг. Тус орны эдийн засгийн чадамжтай нь харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Шинжлэх ухаандаа хамгийн их хөрөнгө оруулдаг орон бол Израйл. Тус улс нь ДНБ-нийхээ 3 хувийг зарцуулдаг байна. Гэтэл Монгол улсын хувьд ДНБ-ний 0,29 хувь чүү ай хүрч байгаа юм. Ганцхан жишээ хэлэхэд 2011 онд шинжлэх ухаанаа хөгжүүлхийн тулд 300 сая төгрөгийг зарцуулж байжээ. Уг мөнгөөр ямар ололтыг хэн гэдэг эрдэмтэн гаргах вэ? энэ л асуудлын гол дэнс нь юм. 2014 оны 5 сард УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлсэн улс өрсөлдөөнд хүчтэй ордог юм байна. Монгол улс цөөн тооны тодорхой шинжлэх ухааны эрчтэй хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бүтээгдэхүүнийг гаргах хэрэгтэй гэсэн санааг хэлж байлаа. Ялангуяа хөдөө аж ахуй, уул уурхайг түшиглэсэн шинжлэх ухааны хөгжлийн нэн тэргүүнд эрчтэй хөгжүүлэх нь зөв гэсэн санааг тухайн үед онцолж байсан санагдана.
Гэтэл шинжлэх ухаанаа хөгжүүлэх бус харин ч газрын хөрснөөс арчих бодлогыг Шийдлийн Засгийн газар явуулж эхлэв бололтой. ШУА-ийн хүрээлэнгүүдийг тарааж их сургуулиудад нэгтгэнэ гэх энэ мэт дуулиан намжаагүй байхад өчигдөр ШУА-ийг гарцаагүй тараана гэдгийг батлах мэт дахин нэг мэдээлэл цацагдав.
Тэр нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Зам тээврийн яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгох санал гарч байсантай ижил ШУА-ийн хүрээлэнгүүдийн байрыг ч мөн адил хүүхдийн эмнэлэг болгох тухай санаачилга.Тус саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гаргасан агаад Төрийн өмчийн хорооноос үүрэгдэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хүрээлэнгүүдийн байрыг үзэж, үнэлгээ хийж эхэлсэн сурагтай.
Нийтлэлч С.Молор-Эрдэнэ “Улстөрчид санхүүжүүлэхгүй бол шинжлэх ухаан хэзээ ч хөгжихгүй”гэж саяхны нэгэн нийтлэлдээ дурдсан байна билээ. Гэтэл шинэ Засгийн газар Шинжлэх ухаанаа хөгжүүлэх нь бүү хэл орон байрыг нь дээрэмдэж, хүрээлэнгүүдийг нь тараахаар эрмэлзэж буй энэ мэт үйлдлээс харахад манай шинжлэх ухаан хэзээ ч хөгжихгүй нь бололтой. Шинжлэх ухаан хөгжөөгүй цагт улс хөгжихгүй. Манайх шиг түүхий эдийн хангамж орны хувьд дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд ялагч байхын тулд шинжлэх ухаанаа хөгжүүлэх ёстой. Тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн чиглэлийн бүтээгдэхүүний хөжглийг шинэ шатанд гаргах боломжийг эрдэмтэд л үүсгэнэ. Харин тэрхүү санал санаачлагыг хэрэгжүүлэх хөрөнгийг төр санхүүжүүлэх учиртай. Гэтэл тийм нөхцөл боломж өнөөдөр огт алга. Харин ч хөрөнгө өгнө гэхийн оронд хаана, тараана, татан буулгана, барилгыг нь авна гэдэг мухайрлал улс төрчдийн үзэмжээр шийдэгдэх болжээ.