Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Жүдочид болон Жүдо бөх сонирхогчид оо,

Та бүхэндээ ирж буй шинэ оны баярын мэнд хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.

Жүдо бөхийн спорт нь Монгол орны анхны Олимпийн аваргыг түрүүлж Монголын ард түмнийг эвлэлдэн нэгтгэсэн агуу спорт билээ. Өнгөрч буй 2014 онд  Монголын Жүдочид Тив, Дэлхий, Олон улсын тэмцээнээс алт 58, мөнгө 52, хүрэл 93 буюу нийт 203 медаль хүртсэн амжилтаараа урьд онтой харьцуулахад 50 гаруй медалиар нэмэгдсэн байна.

2014 онд ОХУ-ын Челябинск хотноо зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60кг жинд Г.Болдбаатар түрүүлж “Дэлхийн аварга” болсон нь онцлох явдал байлаа. Эмэгтэй Жүдочид маань Жүдо бөхийн “Дэлхийн аваргын багийн тэмцээн”-с мөнгөн медаль хүртэж Монгол улсын нэрийг дэлхийд мандан бадруулсныг дурдахад таатай байна. Мөн +100кг жинд Ө.Дүүрэнбаяр “Залуучуудын Дэлхийн аварга” анхлан болж, тус тэмцээнээс 1 мөнгө,  2 хүрэл медаль хүртсэн нь дараа дараагийн залуучуудын залгамж халааг бэлдэж байгаагийн илрэл юм.

Бидний 2014 оны гол зорилго сорилтын нэг болох “Инчионы Азийн Олимп”-д сайн оролцох хүсэл эрмэлзлийг түүхэн амжилтаар батлан харуулж 3 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн нь бахархалтай байна. ОУЖБХ-ны Дэлхийн чансааны “Гранд При”, “Их дуулга” болон бусад олон улсын тэмцээнүүдээс авсан бидний медалийн ялалтыг телевизийн шууд нэвтрүүлгээр дамжуулан жүдо бөх сонирхогчид маань жилийн турш  уухайлан дэмжиж түүхэн гэрч болжээ. ОУЖБХ-ны Дэлхийн чансааг 2014 онд МУГТ Г.Болдбаатар, МУГТ М.Уранцэцэг нар тэргүүлж байгаа нь манай тамирчдын чадварыг илтгэхээс гадна Монгол улсын нэр хүндийг өргөсөн билээ.

МЖБХолбоо Улаанбаатар хотноо МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит ОУЖБХ-ны “Чингис хаан” гранд при, “Зүүн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”, мөн орон нутагт 60 гаруй тэмцээн тус тус зохион байгуулсан. 2014 оны 6 дугаар сард “Монгол жүдо - 2020” хөтөлбөрийг санаачлан эхлэн хэрэгжүүлснээр олон аймаг, сумдуудад дэвжээ, материаллаг баазыг бэхжүүлж Жүдо бөхийг дэлгэрүүлэн хөгжүүлж байна.

Биднийг 2015 онд “Рио-2016” Олимпийн наадмын эрхийн төлөөх олон тэмцээнүүд, Жүдо бөхийн Ордоны бүтээн байгуулалтын гол ажил хүлээж байна. Тамирчид болон биднийг дэмжигч байгууллага, хувь хүмүүс, Монголын жүдо бөхийн ордныг босгох ажилд хандив өргөсөөр байгаа Та бүхэндээ талархсанаа илэрхийлье.  

Та бүхнийг хүндэтгэсэн

УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч,

ОУЖБХ-ны Бодлого хэрэгжүүлэх зөвлөлийн Захирал
Х.Баттулга

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан