Олон жил ганц бие явсан жүжигчин Камерон Диаз ирэх оны эхээр хуримын зараа дуулгаж мэдэх нь. 42 настай жүжигчин танилцаад нэг жил ч болоогүй рок хөгжимчин Бенжи Маддентай хурим хийх бодолтой байгаа аж. Долоон сарын өмнөөс болзож эхэлсэн тэд өнгөрсөн зунаас хойш К.Диазын Беверли Хиллс дэх 9,5 сая ам.долларын үнэтэй байшинд хамт амьдарч байгаа юм. Хэдхэн хоногийн өмнөөс К.Диаз сүйн бөгж зүүж эхэлсэн нь олны сонирхлыг татаж байгаа энэ үед жүжигчний ойрын нэгэн сурвалж түүнийг удахгүй хуримаа хийхээр төлөвлөж байгаа тухай “UsWeekly”-д ярьжээ. Түүний ярьснаар бол Камерон өмнө нь нэр алдартай цөөнгүй эртэй хайр сэтгэлийн холбоо тогтоож байсан ч Бенжи Мадден шиг түүнийг аз жаргалтай болгодог, хүндэтгэж харилцдаг хүн байгаагүй гэнэ. Тийм ч учраас сүйт залуудаа хөл алдан дурлаж, хамтдаа гэр бүлийн амьдрал зохиоход цааргалахгүй болжээ. Гэрлэлт, хуримын талаар төдийлэн хуучны үзэл баримтлаад байдаггүй тэрээр юун түрүүнд хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол найз залуу нь эсрэгээр хуримаа албан ёсоор хийхээр яарч байгаа аж. К.Диаз Бенжаминтай танилцаад нэг сарын дараа гэхэд өөрийн гэр бүлтэйгээ танилцуулсан бөгөөд өөрөө ч ирээдүйн хадам эхдээ их таалагдсан гэнэ.