Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Загдсүрэнгийн “Засаглал”-ыг унагаая


Монголын үндэсний олимпын хороо яажшуухан үйл ажиллагаа явуулдгаа Инчоны Азийн наадмын үеэр монголчууд бидэнд харуулсан билээ. Үзэгчдийн дургүйцлийг төрүүлэх олон ч хэрэг Азийн наадмын үеэр мандсан ч манай олимпын хорооны ажил хэчнээн удаан хойрго болохыг, улсаа төлөөлөөд дэлхийн тавцанд дуу хоолойгоо илэрхийлчих зориг зүрхгүй, сул дорой гэдгийг бид хангалттай харсан. Эмэгтэй жүдочдын маань хоолноос сонсохоос ч жигшим бохир зүйл гарчихаад байхад Монголын жүдогийн холбооноос өөр дуугарах хүн байсангүй. Үүнийг нь ч соргог анзаарсан Инчоны наадмыг зохион байгуулах комисс гомдлыг зөвхөн Монголын үндэсний олимпын хороогоор  дамжуулан авч хэлэлцэнэ гэж ам таглаад өнгөрсөн. Гэтэл өнөөг хүртэл МҮОХ-ноос энэ тухай гомдлоо зохих газарт нь хүргэсэнгүй, хөндсөнгүй. Эсвэл бүр мартчихсан ч байж мэднэ.

Инчоны наадмын үеэр Монголын спорт сонирхогчдыг хамгийн ихээр бухимдуулсан Гавьяат тамирчин Н.Төгсцогтын тоглолтын булхайтай шүүлтийг ч мөн олимпын хороогоор дамжуулан хэлэлцэхээр байсан ч тамирчдаа өмгөөлж дуугарах ёстой газар нь дүлий дүмбэ оргиж суусаар эцэст нь манай шигшээ багийн ахлагч Азийн наадам зохион байгуулагчдын өмнө хүчин мөхөстөхийг бид нүдээрээ харсан билээ. Азийн наадмаас анх удаа сагсчид маань бахдам амжилттай ирсэн. Амжилт бахдалын дуу тасраагүй байтал нөгөө сагсчдаа МҮОХ-ноос Азийн элсний наадамд явах эрхийг нь хасчихсан. МҮСБХ-ноос энэ асуудлыг олимпын холбоотой хамааруулж тайлбарласан. Энэ бол уншигчдын мэдэх наад захын жишээ. Харин үүнээс цааш олны нүдээс далд орших асуудлыг нь лавшруулаад тоочвол чамгүй олон бий гэдэг. Тухайлбал, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн Олимпын медальтнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Баярсайхан “Лондонгийн олимпын үеэр монголчуудаа дэмжих гээд очсон юм. Олимпын тоглолтын нэг өдрийн тасалбарын үнэ манайхаар 400 орчим мянган төгрөг  байсан.

Тэрийг нь төлөөд өдөр бүр тамирчдынхаа тэмцээнийг үзэж, дэмжинэ гэвэл өндөр зардал гарна. Бидэнд тийм мөнгө байхгүй. Гэтэл улс бүрийн олимпын хороодод өдөр бүр тэмцээн үзэх 10 мандат өгдөг байсан юм билээ. Би уг нь Олимпын медальтнуудын холбоог төлөөлж очсон. Гэтэл Загдсүрэн дарга өөрсдийн хүмүүстээ тэр мандатаа өгчихдөг байсан юм билээ. Энэ мэтчилэн олимпын хороог өөрийн хувийн байгууллага шиг 14 жил ашиглаж байна” хэмээн ярьсан юм.

Олон улсын олимпын хорооноос сардаа манай олимпын хороонд 200 мянган ам.доллар өгдөг гэсэн мэдээлэл байна. Гэтэл олимпын хорооны гишүүн спортын шилдэг холбоод маань олимпын оноо цуглуулах олон улсын тэмцээний зардлаа арай ядан олдгийг хэн хүнгүй мэднэ.

Өнөөдөр Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн хурал болно. Жилдээ нэг удаа болдог тус хурлаар ужгирч нэвширсэн энэ асуудлыг нэг тийш нь болгох хүсэлтээ харьяа зарим холбооныхон мэдэгдлээ. Тэд энэ асуудлыг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлд өргөн барьсан ч дорвитой хариу аваагүй учир Олон улсын олимпын хороо, Олон улсын спортын Арбитражийн шүүхэд хандахаа мэдэгдэж хэвлэлийн хурал хийсэн юм.


Яагаад Д.Загдсүрэн биш гэж

Д.Загдсүрэн яг одоо бол хууль бусаар МҮОХ-г даргалж байгаа гэх. Түүнийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, МҮОХ-нд их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-аас шалгахаар өнгөрсөн онд цагдан хорьж байсан билээ. Хэргийг эргэн сануулвал, 2004 оны аравдугаар сарын 6-ы өдөр Нийслэлийн Засаг даргын 455 тоот захирамж гарч МҮОХ-нд долоон га газар олгосон байдаг. Тэр газар дээр МҮОХ байраа барьсан. Гэтэл Д.Загдсүрэн 2008 оноос эхлэн МҮОХ-нд ногдсон газрыг дур мэдэн зарсан байдаг. Тухайлбал, “Нийслэл өргөө” компанид 2008 оны наймдугаар сарын 25-ны өдөр 3.6 га газар зарснаас хойш хэсэг хэсгээр нь эмтэлсээр МҮОХ-нд одоо 0.3 га газар л үлджээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын олимпын хорооноос тамирчдын тэмцээн, бэлтгэл сургуулилтад зориулан төсөвлөсөн хөрөнгөнөөс хувьдаа ашигласан зэрэг нь тогтоогдож, 2014 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр шүүхээс албан тушаал эрхлэх эрхээ хоёр жилээр хасуулж, эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил биеэр ял эдлэх ялаар шийтгүүлсэн. Тэрээр  Өршөөлийн хуулиар биеэр ял эдлэлгүй хэрэг хаагдсан ч албан тушаалаасаа буулгүйгээр МҮОХ-г тэргүүлэн ажилласаар л байна.

Ингэж хэрэгт холбогдон, ял шийтгэл хүртэл хүлээчихээд байгаа хүнийг МҮОХ-ны ерөнхийлөгчийн суудалд дархалсан мэт ажиллуулсаар байх нь хэний ашиг сонирхол вэ. Цэвэр, шударга өрсөлдөөний бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд Монгол Улсаа төлөөлдгийн хувьд энэ хороог нэр цэвэр хүн удирдах ёстой бус уу. Энэ тухай олон улсын дүрэм ч бий. Олон улсын олимпын хорооны Олимпын Үндсэн дүрэм буюу Хартын олимпизмын нэр хүнд цэвэр байх үндсэн зарчим, мөн дүрмийн 27, 28 дугаар зүйл, Олон улсын олимпын хорооны ёс зүйн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм. Мөн Монгол Улсын шүүхийн шийдвэр болон түүний хэргийг шийдвэрлэсэн заалтын дагуу 2019 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл “Ялтайд тооцох” зэргийг зөрчиж байгаа тул түүнийг Монгол Улсыг олон улсын тавцанд төлөөлөх хариуцлагатай үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой хэмээн зарим спорт холбоодын удирдлага дуу хоолойгоо илэрхийлж байна.

Тийм, үгүй

МҮОХ-ны гишүүн хороод болон гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн зарим нь одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэнг мухар сохроор дэмждэг талаар спорт хороодын удирдлагууд ярьж байна. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ихэнх гишүүн аймгаа төлөөлж сонгогдсон учраас тэмцээн уралдаанд тамирчдыг авч явах, бэлтгэл сургууль хийлгэх зовлонг мэддэггүй. Спортын халуун тогооноос хол эдгээр хүмүүс Д.Загдсүрэн даргын үгээр сонголтоо хийдэг хэмээн гавьяат тамирчин Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж ярьсан юм.
Энэ мэт олон учир дутагдал байгаа учир МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг огцруулахаар Монголын чөлөөт бөхийн холбоо,  Монголын олимпын медалтнуудын холбоо, Монголын гандболын холбоо, Монголын арванбайт боулингийн холбоо, Монголын даамны холбоо, Монголын дартсын холбоо, МҮСБХ, МОСХ, МТБХ, Модон бөмбөгийн холбоо зэрэг холбоод нэгдэж, өнөөдөр болох гүйцэтгэх зөвлөлийн хуралд саналаа өргөн барих нь.
Хэвлэлийн хурлын үеэр зарим спорт холбоодын байр суурийг сонслоо.


Д.Дагвадорж: Би олимпын хорооны ерөнхийлөгч
болох гээгүй юм шүү


/Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч/

-ОУОХ-ын Ерөнхийлөгч Жак Рогге тодорхой хугацаанд ажиллаад, Томас Бах гэдэг хүнд ажлаа өгсөн. Жак Рогге найман жил ажилласан. Улмаар хууль журмынхаа дагуу ажлаа өгсөн. Гэтэл Монголын Олимпын хорооны ерөнхийлөгч болохоор тэр хууль журмаас давж, 14 жил ажиллаж байна. Энэ бол байж боломгүй асуудал. Тэрийг та бүхэн сайн тунгаагаарай. Олон улсын байгууллагын ерөнхийлөгч нь хэдэн жил ажиллав. Гэтэл Монголынх хэдэн жил ажиллаж байна вэ. Үүнийг зүгээр энгийн хүн ойлгох байх.  Би Д.Загдсүрэн гэдэг хүнийг ажлаас нь авч хаячихаад, өөрөө суудалд нь суух гэж байгаа юм биш шүү. Үүнийг би албан ёсоор хэлчихье.

Гэхдээ би Д.Загдсүрэн гэдэг хүнийг буулгаж байж санаа амарна. Бүр МҮОХ-ны удирдах зөвлөлийг өөрчилнө. Ерөнхийдөө олимпын хорооны ерөнхийлөгчийн асуудлаар Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн асуудалтай ижилхэн нөхцөл байдал үүснэ шүү гэдгийг хэлчихье. Энэ хүн өөрөө сайн дураараа огцрохгүй бол асуудал улам л хүндэрнэ.


Н.Баярсайхан: Спорт уналтын байдалд орж байна

/Монголын Олимпын медальтнуудын холбооны ЕНБД/

-Төр засгаас, олимпын хорооноос дэмжээд, тамирчид медаль аваад байгаа мэтээр ард түмэнд ойлгуулаад байна энэ дарга нар. Үнэн хэрэгтээ спортын холбоод тамирчдаа бэлтгэж, өндөр амжилт үзүүлж байгаа гэдгийг юуны өмнө хэлмээр байна. МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн өнөөдрийг хүртэл юу хийгээд байгааг энэ олон жил хамт ажиллахдаа мэдээгүй. Хувийн компани аятай л ажиллаж, газартай холбоотой хэрэг төвөгт орооцолдоод яваад байдаг. Яг үнэндээ шүүхээс ял авчихаад, ажлаа хийгээд явж байгаа хүн Д.Загдсүрэн даргаас өөр Монголд байна уу. Гудамжинд хүнтэй зодоон хийгээд, шүүхээс ял авчихсан бол эрчүүдийн хоорондын асуудлаас боллоо гэж өмөөрч болно. Гэтэл өөрийнхөө эрхэлж байгаа албан тушаалтай холбоотой асуудлаар шүүхээс ял авчихсан хүн одоо болтол ажиллаж байна гэдэг байж болох асуудал мөн үү. Д.Загдсүрэн дарга МҮОХ-нд юу хийгээд, яагаад мэдэгдэхгүй л явж байгаа. Спорт уналтын байдалд орж байна. Тамирчдын бага сага зардлыг улсаас гаргачих юм бол өөрсдөө бэлтгэлээ сайн хийгээд, өндөр амжилт гаргах бүрэн боломжтой. Гэтэл олимпын хорооноос дэмжиж байгаа юм алга.


Б.Жияндорж: Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл огцрох ёстой

/Монголын адал явдалт спорт аялалын холбооны тэргүүн/

-Би хэд хэдэн спорт холбоодыг тэргүүлж ажилладаг. Үндсэндээ 40 жил Монголын спортын төлөө зүтгэж байна.  Яг үнэндээ Монголын спорт  энэ хэдэн спорт холбоод болоод сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа хэдэн хүмүүсийн нуруун дээр явж байгаа. Гэтэл үр шимийг нь цөөн хэдэн хүн хүртдэг. Бүх  салбар гавьяат зүтгэлтэн гэж байдаг. Гэтэл спортод гавьяат зүтгэлтэн гэж байхгүй. Гавьяат дасгалжуулагч, тамирчин гэж  байгаа. Тийм байтал спортын төлөө зүтгэж байгаа олон хүн төрийн хайр хишгийн гадуур хоцордог. Тэр хайр хишиг нь яамай гэхэд   олимпын хорооны гишүүний үр нөлөө, ач холбогдол ч байдаггүй. Өнөөдөр бид ингээд сууж байгаа нь ичмээр юм. Монголын спорт хамгийн цэвэр ариун, нандин зүйл байх ёстой. Улс төрөөс ангид, бизнесийн элдэв зүйлтэй хутгалддаггүй байх ёстой шүү дээ. Гэтэл өнөөдөр МҮОХ-ны тэргүүн нь газрын наймаатай хутгалдаад, шүүхээс ял  аваад явж байна гэдэг ичмээр.  Бид аль эрт энэ асуудлыг дотооддоо яриад шийдчих байсан. Гэтэл Д.Загдсүрэн дарга тойрон хүрээлэгчдээрээ дулдуйдаад явчихдаг. Олимпизм гэдэг олимд судлалын хүрээлэн дээр тогтдоггүй. Спортын холбоод дээр тогтдог юм. Маргааш /өнөөдөр/ МҮОХ-ны бүх гишүүдийн  хурал болно. Хөдөө орон нутгаас Олимп судлалын танхимын эрхлэгч нар гээд баахан нөхдүүд ирээд,  өөрийн гэсэн ямар ч ойлголтгүй, бодит байдлыг үнэлж, цэгнэсэн юмгүй гар өргөчихдөг. Дарга нарыг дагодаг, далдаганадаг. Үнэнийг хэлсэн хүмүүсээ элдвээр хэлдэг, дарамталдаг, шахдаг. Ийм байдал ноёрхож байна. Д.Загдсүрэн даргын хийсэн ажил байгаа нь ойлгомжтой. Бүхнийг үгүйсгэсэн юм алга. Хамгийн гол нь аливаа зүйл шударга байх ёстой. Жирийн нэгэн хүнд шүүх ял оноогоод, шууд ачаад авч яваад хорьдог биз дээ. Гэтэл “Албан тушаал эрхлэхийг нь зогсоосугай” гэсэн шүүхийн шийдвэр гарчихаад байхад ажлаа хийгээд явж байгаа нь юу гэсэн үг вэ. Тийм болохоор олимпын хорооны удирдах зөвлөл огцрох ёстой.

0 Сэтгэгдэл
босгоё бүтээе гэж ер ярихгүй унагаая нураая л гэж явах юм да энэ дагвадорж гэж дурак
бичсэн хүн нь нэрээ тавьчих зориг байдаггүй ээ,
Тийм шүү. Загдсүрэн ах маш ажилсаг, эвтэй, шударга хүн шүү. Энэ хөөрцөглөөд байгаа хүмүүс спортынхон дотор цөөнхийн цөөнх гэдгийг хэлье. Монголын спортыг үймүүлэхээ больцгоох цаг болжээ.
ЗАГДСҮРЭН МОНГОЛЫН ОЛИМПЫН ХОРООГ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОСОН Ш ДЭЭ. ХҮН АЖИЛ ХИЙГЭЭД ӨНГӨ ОРУУЛААД ИРЭХЭЭР ЗҮГЭЭР ХАРААД СУУЖ БАЙСАН ЛУЙВАРЧИНГУУД ШУНААД АВАХ ГЭЭД УНАХЫМАА. ШҮҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ ШАЛГАЖ ГЭМ БУРУУГҮЙГ ТОГТООСОН БАЙХАД ХАР ПИАР ХИЙЖ ШОГТООД Л. ТА НАР ОЛИМПЫН ХОРООГ АВЧ ЯВЖ ЧАДАХГҮЙ, ЁСТОЙ УНАГААХ ШИГ Л БОЛНО. АРД ТҮМЭН ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ.
НААД ЯЛТАНАА МҮОХ-ООС ҮТЭР ТҮРГЭН ЗАЙЛУУЛ. ИДЭЭД ХАНАДАГГҮЙ ХОМХОЙ ШУНАЛТАН.
наад нөхөрөө тэгээд ажилаас нь чөлөөлөөч.яасан идэж,ууж ханаж чаддаггүй хүн бэ.залуу хүнд зайгаа тавьж өгөө.хамгийн заваан хор найруулдаг хогийн өвгөн.ажилаас халагдах тушаал гарчтхаад байхад яахаараа халагдахаа мэддэггүй гахай вэ.
Хамгийн их уншсан