Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Бөхбат: Жүдочдоо доромжлох нь холбооны ерөнхийлөгч рүү шидсэн чулуу төдий хэрэг


Өчигдөр Спортын төв ордонд нээлтээ хийсэн “Өсвөр үе, залуучуудын багийн нээлттэй тэмцээн”-ийг жүдо бөхийн энэ оны хамгийн сүүлчийн, хаалтын тэмцээн гэж болно. Багийн спорт талаасаа чухал ач холбогдол бүхий эл тэмцээн жүдо бөхийн клуб, дугуйлан бүрийн өмнө нээлттэй гэдгээрээ онцлог. Монголын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн академийн дэргэдэх эцэг эхийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй энэ тэмцээний санхүүжилтийг жүдо бөхийн академи болон эцэг эхийн зөвлөлөөс гаргаж байгаагаараа онцлог юм.
Тэмцээний үеэр МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбаттай холбооны үйл ажиллагаа болоод тамирчдын бэлтгэл сургууль, сүүлд оролцсон тэмцээн уралдааны амжилтын тухай ярилцлаа.


-Аймаг бүрт жүдогийн дэв­жээ байгуулах ажлыг хол­боо­ноос хэрэгжүүлж эхэлсэн. Хэр ахицтай явж байгаа бол?
-2020 оны олимп Японы Токио хотод болно. Бид 2016 оны Рио де Жанейрогийн олимпоос гадна Токиогийн олимпод ихэд анхаарч байна. Хөдөө, орон нутгийн шинэ залуу тамирчдыг 2016 оны олимпод бэлдэхэд арай давчуу болоод байгаа тул 2020 оны олимпод оролцох тамирчдаа сум, аймаг, орон нутгаас бэлдье гэсэн зорилготой байна.
Тиймдээ ч аймаг бүрийг дэвжээ татами, клуб, багш, дасгалжуулагчтай, тогтмол зохиогддог тэмцээн уралдаантай болгох үүднээс МЖБХ-ны Удирдах зөвлөл дээрх шийдвэрийг баталсан. Энэ шийдвэрийг хамгийн түрүүнд МЖБХ-ны тэргүүн, дэд ерөнхийлөгч Дорлигжав хүлээн авч хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүстэй хамтран эхний ээлжинд Увс аймгийн бүх суманд клуб байгуулж дэвжээ, татами, өмсгөлөөр хангасан. Улмаар 2015 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулахаар болсон.

-Ажлын явц сайн байгаа гэж ойлгож болох нь. 21 аймгийг хамрах энэ ажлын сайн тал, үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Спорт тэр дундаа бөхийн спорт хүүхдийн хөгжил, төлөвшилд хэрхэн эерэгээр нөлөөлдөг жишээг жүдо түлхүү хөгжиж буй аймгуудаас харж болно. Жишээ нь, Увс аймагт хүүхэд залуус энэ спортод чин сэтгэлээсээ татагдаж, дурлаж түүгээрээ хүмүүжиж байна. Мөн Архангай, Өвөрхангай, Булган, Дархан, Эрдэнэт, Дорнод, Хэнтий, Ховд зэрэг аймагт жүдо бөхийн клуб, дэвжээний үйл ажиллагаа тун идэвхтэй байна. Зарим аймагт сум болгондоо дэвжээ, багш, дасгалжуулагчтай болсон байна. Ийнхүү материаллаг нөөц, боломж нь бүрдээд ирэхээр хүүхдүүд зорилготой, хүсэл мөрөөдөлтэй болж эхэлдэг. Улмаар эдгээр хүүхдэд боломж бий болно. Дотооддоо тэмцээн уралдаанд оролцож газар орон үзэж, бусад аймаг, сумын тамирчидтай туршлага солилцох, судлах нөхөрлөх боломжтой. Цаашлаад, олон улсын чанартай тэмцээнд эх орноо төлөөлнө. Тив, дэлхийн аварга, олимпод ч оролцох боломжтойг манай шигшээ багийн тамирчид харуулсан.
Жирийн малчны хотноос дэлхийн дэвжээнд хүч үзэх, өрсөлдөх, тухайн улс орныг биеэр үзнэ гэдэг хэрийн хүнд олдох завшаан биш биз. Энэ бол спортын л ач тус юм.
Өнгөц харахад жүдо гэгч спорт мэт боловч цаана нь Монголын ард түмэн бүхэлдээ байдаг. Нэг тамирчин тив, дэлхийгээс медаль авахад эх орны нэр гарч, ард түмэн нь наадан цэнгэдэг биз дээ. Тиймээс ард түмэн, эцэг эх, орон нутгийн удирдлагууд энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч, сэтгэл гарган хамтран ажиллах ёстой.

-Таныг саяхан олон улсын А зэрэглэлийн шүүгч болсон гэж дуулсан?
-Тийм. Жил болгон тив бүрээс шүүгчдийг сонгон шалгаруулдаг. Энэ жил Монгол Улсад Б зэрэглэлийн нэг,  А зэрэглэлийн нэг шүүгчийн шалгалтад орох эрхийг Дэлхийн жүдо бөхийн холбоо, Азийн жүдо бөхийн холбоо олгосон. Б зэрэглэлийн шүүгчээр Олон улсын хэмжээний мастер Лувсандэмбэрэл Баянхонгор аймгаас ирж оролцоод тэнцсэн бол Хөвсгөл айгийн шүүгч Мөнхбат оролцож мөн олон улсын шүүгч болсон. Харин миний хувьд хэдий тэмцээн уралдаан шүүхгүй байгаа ч олон улсын шүүгчдийн сургалт, семинаруудад алга­сал­гүй оролцож байсан учир энэ шалгаруулалтад орол­цож үзэхээр шийдсэн юм. Шалгаруулалтад тэнцэж А зэрэглэл авсандаа ч баяртай байна. Цаашид томоохон тэм­цээнүүдэд шүүгчээр ажиллах зорилготой байгаа.

-Хэдхэн хоногийн өм­нө манай шигшээ ба­гийн тамирчид энэ оны тай­лан­гаа тавьсан шүү дээ. Энэ тай­­лангаас хийсэн ажил, гар­га­сан амжилт мөн хүрнэ гэсэн зорилгодоо хүрсэн эсэх нь харагдаж байгаа байх?
-2014 онд шигшээ баг маань 20 гаруй тэмцээн уралдаанд оролцсон. Эдгээр тэмцээнд сайн оролцсон тамирчин ч бий. Бас болзлоо хангаж чадаагүй нь ч бий. Гэхдээ 2016 оны олимп руу явж байгаа гэдэг талаас нь харвал манай тамирчдын чан­саа дээгүүр байгаа. Эрэг­тэй­чүүдийн долоон жин­гийн зургаа нь маш сайн байна. Эмэг­тэйчүүдийн мөн долоон жин­гийн тав нь жигд сайн ам­жилттай явж байна. Ирэх онд бэлтгэл сургууль, тэмцээн урал­даануудад сайн оролцож бусад жиндээ анхаарч чадвал ирэх олимпод 14 жингээр орол­цох төлөв ажиг­лагдаж бай­на. М­э­дээж аль болох олон жин­гээр оролц­вол медаль авах бо­­ломж төдий чинээ өснө шүү дээ.

-Холбооны тайлан хэдийгээр гарах вэ?
-Холбооны хувьд энэ ондоо баг­тааж тайлангаа гаргана. Жү­до бөхтэй холбоотой клуб, албан байгууллага, спонсор, баг тамирчид, багш дасгалжуулагч гэсэн бүх л хувь хүн, албан байгууллагууд тайлангаа нэгтгэж холбооны нэгдсэн тайланг бий болгоно. Энэ тайлангаар бүхий л ажлаа дүгнэж сайн, муу ажилласан эсэхээ хэлэлцэнэ дээ.

-Сүүлийн үед болсон олон улсын тэмцээнүүдэд оролцох зардлаа тамирчид хувиасаа гаргаж байна гэсэн яриа гараад байсан?
-Яг ч 100 хувь өөрөөсөө биш л дээ. Жүдо бөхийн хол­боо, ивээн тэтгэгч албан бай­гуул­лагууд зардал мөнгийг нь гаргаж байлаа. Өнгөрсөн Зас­гийн газрын үед спорт хариуцсан тусдаа яам бий болсон. Яамны зүгээс шигшээ багийн тамирчдын зардлыг шийдэж өгөх болов уу гэж харсаар байтал татан буугдчихлаа. Ер нь, жүдо мэтийн тэргүүн зэргийн спортынхоо хөрөнгө санхүүг нэг мөр шийдэхгүй байгаа нь хариуцлагын л асуудал юм. Хөрөнгө мөнгө, төсвийн тэнцвэргүй байдал, оновчгүй хуваарилалтыг илтгэж байгаа юм. Дан ганц улсад найдаад явбал аль ч спорт унана. Тиймээс холбоо нь нэг талаар нөхөөс болж шигшээ багийн асуудлаа өдий хүртэл шийдсээр ирлээ. Ёстой л нөгөө урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн адил. Холбооны ерөнхийлөгч, бусад гишүүд, дэмжигчид, ивээн тэтгэгч байгууллагууд энэ талын ажлыг хийсээр ирлээ. Улсаас гарах ёстой зардлыг холбоо, хувь хүмүүс даасаар ирсэн нь маш буруу тогтолцоо.

-Одоо он гараад л олим­пын эрхийн төлөөх тэм­цээ­нүүд үргэлжилнэ шүү дээ?
-Гүрж, Орос, Япон, Франц, Бразил зэрэг орны тамирчид хоол, байр гээд бүхий л асуудал нь шийдэгдчихсэн байдаг учир жилийн 365 хоног бэлтгэлд гардаг. Гэтэл бид чансаагаар дэлхийд эхний тавд орсон ч нэг байрандаа гацчихаад байна. Үүнийг илүү урагшлуулахад зайлшгүй төрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй. Энэ тухай их ч ярилаа даа. Даанч өдийг хүртэл дорвитой өөрчлөлт гарахгүй л байна.

-Сая болсон Токиогийн их дуулгаас манай тамир­чид ганзага хоосон ирсэн. Үүнд зарим хэвлэл, хү­мүүс шүүмжлэлтэй хан­даж байна?
-Яахав, энэ бол тамирчдаа өмөөрөөд байх зүйл биш л дээ. Гэвч, жүдо бөхөд төсөвлөн олгож буй хөрөнгө маш бага байна. Дээр нь тамирчин хүнд янз бүрийн л юм тохиолдоно шүү дээ. Яг үнэндээ аль ч спортын төрөлд Монголын тамирчид ядруу л явж байна. Жүдочдын өдийг хүртэл гаргасан амжилт, хүрсэн өндөрлөгийг харвал үүргээ давуулан биелүүлсэн гэж бодож байна. Түүнчлэн, жүдочдыг ганц удаагийнх нь бүдрэлтээр ийн муучлах болсон нь цаанаа улс төрийн шалгаантай болов уу гэж би ойлгож байгаа. Энэ жилийн 20 гаруй тэмцээний ганц медальгүй ирсэн нь саяын их дуулга. Гэтэл “Шал арчсан” гэж шүүмжлэхэд ичмээр байгаа биз. Тив, дэлхийн 20 гаруй тэмцээнээс медальтай ирсэн байтал ганц хазгай гишгэхэд нь ингэж байгаа нь манай холбооны ерөнхийлөгч рүү шидсэн чулуу л гэж бодож байна. Түүнээс жүдочид хийдгээ хийсэн, цаашид ч хийнэ. Спортыг улстөржүүлж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчдаа элдвээр доромжлох нь маш бүдүүлэг явдал. Би тэр нийтлэлийг уншсан, үнэхээр муухайгаар доромжилсон байна лээ. Жүдочид бол ард түмний нэг хэсэг, төлөөлөл. Гэтэл спорт тэр дундаа жүдогийн тухай А ч үгүй нэг нөхөр ард түмэн рүүгээ үзэгнийхээ үзүүрээр чичилж байгаагаас ялгаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан