Европын хамтлаг дуучдын хамгийн том тэмцээн болох “Eurovision”-д оролцож буй Испанийн дуучин түрүүлж болохгүй гэсэн “даалгавар” авчээ. Учир нь, хэрэв тэр “Eurovision”-ы ялагч болчихвол ирэх жилийн тэмцээнийг Испани улс зохион байгуулах ёстой болно. Гэтэл эдийн засгийн хямралд орчихоод байгаа тус улс юун тэмцээн зохион байгуулах манатай байгаа юм. Тийм ч учраас “Eurovision”-д өрсөлдөж буй дуучин бүсгүй Пастора Солер түрүүлэх ёсгүй гэдгээ сайн мэдэж байгаа бөгөөд тэмцээнийг зохион байгуулагчид ч Пастораг “Түрүүлээд хэрэггүй” гэж хошигнож байгаа гэнэ. Энэ жилийн “Eurovision” тэмцээнийг Азербайжан улс нийслэл Бакудаа зохион байгуулж буй юм. Тэмцээний финалын шалгаруулалт маргааш болох бөгөөд Пастроа Солер сүүлчийн шатанд тунаж үлдээд байгаа юм. Түүнээс гадна ОХУ-ыг төлөөлөн оролцож буй “Бурановогийн эмээ нар” хамтлаг ч финалд үлдээд буй. “Евровидение”-гийн Орос дахь шалгаруулалтад түрүүлж, Баку явах эрхээр шагнуулсан “Бурановогийн эмээ нар” эхний шатандаа “Party for Everybody” дуугаар оролцсон юм.