Монголын хоккейн холбоо /МХХ/ 2014 оны шилдэг хоккейчдоо тодруулж өргөмжлөлөө гардууллаа. Энэ жил МХХ-ноос спортын мастер, дэд мастер болон ОУХМ цолыг нийтдээ 14 хүн хүртсэн байна.
Улиран одож буй 2014 оны “Шилдэг хаалгач”-аар “ТЭЦ-3”-ийн тамирчин ОУХМ Доржийн Галсанжамц, “Шилдэг довтлогч”-оор “Хангарьд” клубын тамирчин Баатархүүгийн Цэрэнбалжир, “Шилдэг хамгаалагч”-аар “Отгон од” клубын “Хасын хүлэгүүд” багийн Мөнхболд, “Шилдэг тамирчин”-аар Сүхийн Оч, “Шилдэг дасгалжуулагч”-аар ОУХМ С.Пүрэвдаваа, “Шилдэг менежер”-ээр МХХ-ны ерөнхий менежер Г.Мэргэн, “Шилдэг салбар зөвлөл”-өөр Хан-Уул дүүрэг тус тус шалгарсан байна.
Энэ онд МХХ-ноос эх орондоо залуучууд, насанд хүрэгчид, ахмад тамирчдыг хамарсан улсын чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулснаас гадна олон улсын тэмцээн уралдаанд ч амжилттай оролцсон. Мөн тэмцээн уралдаан зохион байгуулах зориулалтын 6 мөсөн гулгуурын талбайг шинэчлэн засварлажээ. Харин 2015 онд битүү дээвэртэй олон улсын стандартад нийцсэн мөсөн талбайг бүтээн байгуулахаар ажиллаж байна.