Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ардчилал” сонины сагсчид аваргын цом өргөлөө


Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яам, Монголын өдөр тутмын сонины холбоо хамтран зохион байгуулсан сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээн өнгөрсөн бямба гарагт боллоо. Анх удаагийн тэмцээнд нийт есөн баг оролцсон бөгөөд цаашдаа жил бүр сагсан бөмбөгөөр өрсөлдөж, шилжин явах цомтой болгох шийдвэрийг зохион байгуулагчид гаргасан юм. “Ардчилал”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Монголын мэдээ”, “Үндэсний шуудан”, “Монголын үнэн”, “Үндэсний мэдээ”, “Улс төрийн тойм”, “Засгийн газрын мэдээ” сонины багуудаас гадна БНСУ-ын ЭСЯ-ны баг тэмцээнд оролцлоо.

Улаанбаатар их сургуулийн спорт танхимд бүтэн өдрийн турш үргэлжилсэн тэмцээний нээлтэд Элчин сайд  Ли Тэ Ру хүрэлцэн ирсэн. Тэрээр “Ардчилсан орнуудад чөлөөт хэвлэл их үнэ цэнэтэй, үүрэг хариуцлагатай байдаг. Өнөөдрийн тэмцээнд оролцож буй багууд нэг өдрийг хөгжөөнтэй өнгөрүүлж, их ажлын алжаалаа тайлаарай” хэмээн ерөөж байв. Харин Монголын өдөр тутмын сонины холбооны тэргүүн Г.Отгонбаяр “Өнөөдрийн тэмцээнийг арай эрт зохион байгуулахаар ярьж байсан ч завгүй ажилтай бидэнд тийм боломж гараагүй. Гэвч хойшилсны ачаар ч гэх үү энэ тэмцээнээ жил бүр зохион байгуулж, шилжин явах аваргын цомтой болгохоор шийдсэн” гэдгийг дуулгасан юм.

Ийнхүү баг, тамирчид зүрхэн талдаа гараа тавьж, төрийн далбаанд хүндэтгэл илэрхийлэн төрийн дууллаа эгшиглүүлж тэмцээнээ нээлээ.
Тэмцээнээс гадуур хоёр талын зохион байгуулагчдаас бүрдсэн багууд нөхөрсөг тоглолт хийлээ. Сонины эрхлэгч нараас бүрдсэн баг Солонгосын ЭСЯ-ны дарга, удирдлагуудын багтай өрсөлдсөн. Таван минутаар үргэлжилсэн хоёр үе тоглосны дараа эрхлэгч нар онооны илүүгээр хожил авлаа.
Үндсэн тэмцээний 10 багийг гурван бүсэд хуваахад хамгийн хүнд учраа болох “А” бүсэд дөрвөн баг хуваарилагдсан. “Ардчилал”, “Өнөөдөр”, “Улс төрийн тойм”, “Засгийн газрын мэдээ” сонин нэг бүсэд багтлаа. Тэмцээний хамгийн эхний тоглолт манай багаар эхэлж, “Өнөөдөр” сонины шижигнэсэн багтай өрсөлдсөн. Анхны учраа ширүүхэн, эн тэнцүүхэн байсан бөгөөд онооны тийм ч их зөрүүгүй “Ардчилал”-ын сагсчид хожлоо авч, уухай өргөв. Харин манай баг дараагийн тоглолтдоо “Улс төрийн тойм” сониныг илүүрхэн хожиж тэмцээний хамгийн өндөр 18 оноо авсан. Ийнхүү бүсдээ тэргүүлж явсаар гурав дахь өрсөлдөгч “Засгийн газрын мэдээ” сонины сагсчдыг мөн л хожиж шигшээ дөрвөн багт шалгарч чадсан юм. “Б”, “С” бүсийн зургаан багаас “Өдрийн сонин”, “Монголын мэдээ” баг эхний гурван байрын төлөө тоглох эрхээ атгачихсан байлаа.
Шөвгийн дөрвөн баг гурван бүсийн аваргаар шалгарсан ч дөрөв дэх нь дутна. Тиймээс бүсээсээ хоёрдугаарт шалгарсан гурван багаас торгуулийн шидэлтээр нэгийг шалгаруулахаар дүрмээ тогтчихсон байв. Торгуулийн талбайгаас “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Монголын үнэн” сонины таван тамирчин нэг, нэг удаа бөмбөг шидэхэд “Монголын үнэн” нэг ч оноо авч чадаагүй. Харин нөгөө хоёр баг нэг, нэг оноогоор тэнцсэн юм. Тэднийг дахин торгуулийн шидэлтээр өрсөлдүүлэхэд “Өнөөдөр” сонины гурван оноог “Үндэсний шуудан” баг гүйцэж чадсангүй. Ингээд “Ардчилал” “Монголын мэдээ” багтай, “Өдрийн сонин” “Өнөөдөр” багтай учраа таарч шөвгийн тоглолтууд эхлэв.
Нар гудайж, тэнгэрийн хаяа улайрч байхад эхэлсэн шөвгийн тоглолтын хамгийн ширүүн өрсөлдөөн “Өнөөдөр”, “Өдрийн сонин”-ы дунд өрнөсөн. Ээлж, ээлжээр эсрэг багийнхаа сагсанд бөмбөг хийсээр 18 оноогоор “Өнөөдөр” хожлоо. Тэд аваргын төлөө өрсөлдөх эрхтэй, хоёрдугаар байр ойлгомжтой болов. Үлдсэн хоёр баг “Монголын мэдээ” манай сонины багтай мөн л гал гарсан тоглолт үзүүлсэн. Хоёр үеийн турш “Ардчилал”-ынхан оноогоор тэргүүлсэн тул аваргын төлөө хүч үзэх боломжоо атгалаа. Шөвгийн дөрөвт нэг, нэг хожигдсон “Монголын мэдээ”, “Өдрийн сонин” тоглож гуравдугаар байрын төлөө өрсөлдөхөд “Өдрийн сонин” хожсон юм.
Хамгийн сүүлчийн учраа маань хамгийн анхны өрсөлдөгч “Өнөөдөр”-ийн тамирчид болж таарав. Тоглолт эхлэхэд л “Ардчилал”-ынхан дараалсан оноо авч эхний үед өрсөлдөгчөө тэг оноотой хожлоо. Харин дараагийн үед өрсөлдөгчид маань илүү идэвхтэй байж 13 оноо авсан боловч эцсийн мөчид “Ардчилал”-ын оноо 19 байсан тул ялалтын хонх жингэнэж аварга тодорсон.
Анх удаа зохион байгуулагдсан өдөр тутмын сонины сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Солонгосын ЭСЯ тэмцээнийг сайн зохион байгуулж, сэтгүүлч, сонины ажилтнууд ч идэвхтэй оролцож, хүчтэй өрсөлдлөө. Ирэх жилийн тэмцээнд илүү амжилттай оролцож, аваргын төлөө улам сонирхолтой тоглолт гаргана гэж тамирчид хэлж байсан юм. Дараа жил “Ардчилал” сонины баг аваргын цомоо хадгалж, хошой аварга болохын төлөө ч илүү сайн хичээх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан