Дэлхийн эдийн засгийн хямрал Грекийн эдийн засагт таагүй нөлөө үзүүлсэн хэвээр. Хямралаас үүдсэн хохирлыг нөхөхийн тулд Грекийн эрх баригчид янз бүрийн арга хэрэглэж байгаа. Төсвийн албан хаагчдын цалин хасах, өндөр настны тэтгэвэр ба оюутны тэтгэлийг хасах, төрийн мэдэл ба хяналтад байсан зарим салбарыг хувьчлах гээд олон арга хэмжээ авч байна. Төсвийн алдагдлаа багасгах, хөрөнгө татах зорилгоор хэрэгжүүлээд удаж байгаа өөр нэг арга нь Грект олон байдаг жижиг арлуудыг гадаадын иргэдэд хувийн өмч болгон зарах. Арлуудын үнэ янз бүр, хүн өөрийн хөрөнгө чинээнд тааруулаад ямар ч арал худалдан авах боломжтой аж. Хамгийн хямд нь 2 сая еврогоос эхэлдэг.
Бэл бэнчинтэй
олон хүн Грекийн Засгийн газрын энэ саналыг дуртай хүлээн авч арал худалдан авч
байна. Энэ удаад Оросын саятан Екатерина Рыболовлева 126 сая еврогоор Скорпиос
арлыг худалдан авчээ. Энэ хатагтай урьд нь Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанаас 88 сая ам.доллараар байр худалдан авч дээд амжилт тогтоогоод байсан юм.
Хатагтай
Рыболовлева нь Оросын тэрбумтан Дмитрий Рыболовлевийн охин. Эцэг Рыболовлев нь “Уралкали”
компанийн эзэн, 1990-2000 онуудад “Кипрын банк”-ийн хяналтын багцтай хувьцаа
эзэмшигч, “Монако” хөлбөмбөгийн багийн үндсэн эзэмшигч юм.
Скорпиос арал
урьд нь Грекийн тэрбумтан, ачаа тээврийн усан онгоцны магнат Аристотель
Онасиссийн хувийн өмч байжээ. 0,87 кв.м талбайтай энэ арлыг Онасисс цагтаа 13 сая драхм буюу одоогийн ханшаараа ойролцоогоор 20 сая гаруй төгрөгөөр худалдан авч байжээ.