Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх өчигдрийн хуралдаанаар Г.Гантөмөр, Б.Дашням, Д.Болд, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарт холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон ялтнуудын өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс тэднийг аюулгүй ажиллагааны журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, бусдын эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Гантөмөр, Б.Дашням нарт 1 жил 6 сар, Д.Болдод 2 жил хорих, Б.Саранхүү, Б.Буянтэгш, О.Батмөнх нарыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 14.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулаад байсан юм. Улсын Дээд шүүх хэргийг дахин шалгуулахаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.