Монако улсад Олон улсын олимпын хорооны ээлжит бус чуулган нээлтээ хийж, ерөнхийлөгч Томас Бахын 40 шинэ санал, санаачилга бүхий мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж эхэлжээ. Томас Бахын дэвшүүлсэн саналууд нь олимпизмын түүхэнд томоохон өөрчлөлт оруулах төлөвтэй. Тухайлбал, олимпын наадамд оролцох тамирчдын тоо болон багц медалийн тоонд дээд хязгаар тавьж, баталсан байна.
Зуны олимпын наадмын багц медалийн тоог 310-аас давуулахгүй, оролцох тамирчдын тоог 10500-гаас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ. Харин өвлийн наадмын багц медалийн тоог 100-гаас давуулахгүй, оролцох тамирчдын тоог 2900-гаас хэтрүүлэхгүй байх гэнэ.
Лондонгийн олимпын наадамд 10956 тамирчин, 302 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэгэхээр ирэх олимпын наадмуудад оролцох тамирчдын тоо Лондонгийнхоос цөөн байх ёстой болж байгаа юм. Харин багц медалийн тоо Лондонгийн олимпоос наймаар нэмэгдэж болох ажээ. Энэ нь олимпын наадамд оролцох эрхийн төлөөх өрсөлдөөн улам ширүүсэхийг шууд илтгэж байгаа юм.
Мөн Томас Бах олимпын хөдөлгөөний түүхэнд маш чухал гэж онцолсон нэгэн санал дэвшүүлсэн нь Олимпын телевизийн суваг байгуулах байв. Тэрээр олимпын телевиз байгуулахад 490 сая еврог зарцуулахаа мэдэгдлээ. Олимпын телевизийн үндсэн хэл нь англи байх бөгөөд бүс нутгуудад тухайн орных нь хэлээр мэдээ мэдээллээ цацдаг байхаар төлөвлөж буй аж. Үүний зэрэгцээ Томас Бах тамирчдын шударга өрсөлдөөнийг хангахын тулд допинг болон авлига, тохиролцсон тоглолтуудын эсрэг үйл ажиллагааг чангатгахад 20 сая евро зарцуулахаар болжээ.
Чуулганы үеэр хөндөгдсөн бас нэг асуудал нь хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах байлаа. Олимпын хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн оролцоог эрчүүдийнхтэй тэнцэтгэж, 50 хувь байлгахыг хичээх хэрэгтэйг Томас Бах санал болгожээ. Мөн олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй холимог хосын төрлийг нэмж оруулах шаардлагатайг дурдсан байна.