Өнгөрсөн долоо хоногт гарсан шоу бизнесийн хамгийн дуулиантай мэдээ нь Ази гаралтай Холливудын од Жэки Чан адал явдалт “action” кинонд дахин тоглохгүй гэсэн цуу яриа байлаа. Түүнийг саяхан Каннын кино наадамд “Хятад зурхай” хэмээх шинэ киногоо сурталчлахаар ирээд байхдаа ийм мэдэгдэл хийсэн гэж хэвлэлүүд бичиж байв. Гэвч Жэки Чан англи хэлээр тааруухан ярьдгаас болж хэлэх гэсэн санаагаа олон нийтэд буруу ойлгуулсан хэрэг байжээ. Энэ тухай тэрээр “Facebook” хуудсаараа залруулга хийхдээ “Намайг адал явдалт киноноос зодог тайлна гэсэн мэдээллүүдийг уншаад эхэндээ маш их гайхсан. Гэвч би өөрөө англиар муу ярьдгаас болоод хүмүүст буруу ойлголт төрүүлснээ сүүлд нь ойлголоо. Уг нь би, амь өрссөн, хүнд эрсдэлтэй үзүүлбэр хийхээ болино л гэж хэлэх гэсэн юм. Түүнээс биш адал явдалт кинонуудаа хийсээр байх болно. Бас англи хэлээ сайжруулна” гэжээ.
Жэки Чан тулааны урлагийн гайхамшгийг үзүүлсэн олон арван кинонд тоглож байхдаа амь дүйсэн олон хүнд үзүүлбэр гүйцэтгэж байснаас бараг хугараагүй яс үлдээгүй гэнэ. Өдгөө аль хэдийнэ 58 нас зооглосон жүжигчний хувьд дахин ийм эрсдэлтэй алхам хийх нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх учир ийм шийдвэр гаргахад хүрчээ. Саяхан нээлтээ хийсэн “Хятад зурхай” бол Жэки Чаны 100 дахь кино юм. Түүний дээрх мэдэгдлээс үзвэл Жэки Чанаар овоглосон кино уран бүтээлүүд 101, 102 гээд цааш үргэлжилсээр байх бололтой.