Хятадын Женшоу хотод амьдардаг 28 настай Ху Жуан хэмээх эмэгтэйд ер бусын өвчин тохиолджээ. Тэрээр 30 хүрээгүй боловч наснаасаа даруй хоёр дахин хөгшин харагддаг болжээ. Түүнийг харсан хүмүүс 60-70 настай гэж эндүүрдэг аж. Тэрээр 17 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлснээс хойш нүүр царайных нь арьс суларч, унжин маш хурдан хөгширч байгаагаа анзаарчээ. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа энэ байдал нь засрах болов уу гэтэл юу ч өөрчлөгдөөгүйгээр барахгүй тэрээр 10 жилийн дотор 50 насаар хөгширсөн байна. Эхэндээ энэ учрыг олохгүй, сэтгэлээр унаж, амиа хорлох гэж хүртэл оролдож байсан тэрээр сүүлд кутис лакса хэмээх тун ховор өвчтэй гэдгээ мэдсэн байна. Хүнийг наснаас нь хурдан хөгшрүүлдэг энэ өвчин дэлхийд ердөө 10 бүртгэгдсэн байдаг аж. Нүүр царай нь хөгширснөөс биед нь өөр ямар ч өөрчлөлт, шинж тэмдэг ажиглагдаагүй Ху Жуан одоо Шанхайд очиж, гоо сайхны мэс засал хийлгэхээр шийдсэн байна. Шанхайн эмч нар бүсгүйд сэтгэл зүйн эмчилгээнээс эхлээд цогц эмчилгээ, мэс засал хийхээр төлөвлөж байгаа ч залуугийн төрхөө тэр хэвээр нь эргүүлэн авна гэдэгт хэтэрхий итгэж найдах хэрэггүй хэмээн хэлжээ.