Ерөнхий сайд асан С.Баяр 2-р суваг ТВ-ийн "Цензургүй яриа" нэвтрүүлгээр ярилцлага өгөхдөө "Олимпын алтан медаль авсан Түвшинбаяр маань төр засгаас том том шагнал хүртсэн. Энэ түнтгэр бор залуу Бээжингийн дэвжээн дээр гарахдаа Монголын улс төрийг аятайхан болгоё гэж гараагүй. Би ялалт байгуулья л гэж гарсан. Тэр ялалт нь монголчуудад асар том бахархал бас маш их ухаарал өгсөн. Тэр оройноос хойш л бид “ингэж балайтахаа больё. Учраа ольё” гээд тэр шөнөөс хойш байдал шийдэгдэх тийшээгээ болоод явсан. Монголчуудын хамгийн чухал юм бол эв нэгдэл. Эзэн Чингис маань бидэнд захиж үлдээсэн зүйл. Түвшинбаяр аварга маань олон шагнал авсан л даа. Энэ түнтгэр бор залууд шагнал багадаагүй. Гэхдээ эзэн Чингисийн одон өгчихдөг болоосой. Энэ том одон эв нэгдлийн одон юм шүү. Энэ том одон Түвшинбаяр аваргад бол томдохгүй. Тэр их харанхуйлаад байсан тэнгэр, тэр их үүл, тэр олон улстөрчдөөс хамаагүй илүү эерэг нөлөө үзүүлсэн хүн бол манай олимпын аварга юм шүү. Тэгээд л хамтарсан Засгийн газар шийдвэр гарсан. Бид хамтраад ажиллаж болохыг үзүүлсэн шүү дээ." гэсэн юм.
Үнэхээр ч монгол түмний олимпын төрөлд гаргаж байгаагүй амжилтыг ар араас нь авч ирсэн булган сүүлтэй тамирчин гэдэгтэй хэн бүхэн маргахгүй биз ээ.