Хоол хүнсний сонголт нь ямар ч хүний амьдралд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр тусам дарангуйлагчдын амьдралд хоол нь албан тушаал, амь настай нь холбоотой чухал байр суурь эзэлдэг байжээ. Энэ тухай Британийн судлаач Виктория Кларк, Мелисса Скотт нар “Дарангуйлагчдын хоолны дэглэм: Алдартай хорон санаатнууд юу иддэг байв” номонд өгүүлжээ. Тэд дарангуйлагчдын амьдрал, сэтгэл санаа, ертөнцийг үзэх үзлийг хэрэглэдэг хүнс, хоолны зүгээс нь тайлбарлахыг оролдсон гэж судлаачид онцолжээ. Тус судалгаанд гарсан дарангуйлагчдын хоолны дур сонирхлын талаарх зарим жишээг “ВВС” сонирхуулсныг хүргэе.
Дарангуйлагчид нас ахихын хэрээр зөвхөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх гэдэг нийтлэг хандлагатай байдаг аж. Тухайлбал, Ким Ир Сен хоолонд нь хийх будааг машинаар бус харин гараар ширхэг тус бүрийг нь цэвэрлэхийг шаарддаг байж. Мөн тусгай тушаал гарган насыг нь уртасгах чиглэлээр ажилладаг төв байгуулж байжээ.
Румыний дарангуйлагч Николае Чаушеску нь хилийн чанадад айлчлах үеэр зөвхөн өөрийн авчирсан хоол, хүнсийг хэрэглэдгээрээ алдартай байв. Нэгэн удаа Югославт айлчлахдаа цайллагын үеэр зочдын өгсөн хоолноос татгалзан өөрийн авчирсан ногооны шүүсийг соруулаар сорон ууж эхлэхэд Иосип Броз Тито маш ихээр гайхсан гэнэ.
Үүнтэй зэрэгцэн ХХ зууны дарангуйлагчдын дийлэнх нь нийгмийн доод давхаргаас гаралтай хүмүүс байсан тул онцгой тансаг, нарийн хоол идэх гэж шимтдэггүй байж.
Югославын дарангуйлагч Тито гэхэд л нутагт нь ирсэн хаад, кино одуудад зориулан чамин тансаг хоол бүхий ширээ засдгаараа алдартай байсан ч гэртээ бол гахайн утсан өөх идэх дуртай. Харин Чаушекску гэртээ тахайн шарсан мах идэх дуртай байжээ. Португалийн дарангуйлагч Антонио Салазар нь дүүтэйгээ ганц загас хувааж иддэг байсан ядуу тарчиг бага насыг нь санагдуулсан сардин загас идэх дуртай байсан байх юм.
Цөөнгүй дарангуйлагчид сэтгэл санааны болон бие махбодийн өндөр дарамт, ачаалалтай байсан тул хоол боловсруулах систем нь байнга зовоодог байжээ. Гитлер гэхэд л архаг гэдэс дүүрэх өвчтэй байсан тул яваандаа гэдэс дүүрэх, түүнээс гардаг таагүй үр дагавараас салахын тулд цагаан хоолтон болсон байна. Гитлерийн гэрийн домч Теодор Моррель гэгч нь фюрерийг болгар тариачдын ялгадсаар бэлдсэн “тана” гэх мэт тун гаж зүйлээр эмчилдэг байж. Яг адил эмгэгтэй Муаммар Каддафи харин огт тоодоггүй байсан байх юм.
Италийн дарангуйлагч Бенито Муссолинийг Гитлерийн тусгайлан явуулсан нарийн мэргэжлийн эмч үзээд гэдэсний архаг түгжрэлтэй гэсэн онош тавьж байж.
Мао Зедун махан хоолонд дуртайгаас гадна амьдралынхаа туршид өтгөн хаталтаас болж үйлээ үздэг, иймд хоолны шингэцэнд онцгой анхаарал тавьдаг байсан аж. Өтгөн нь хатаж олон хоног бие засч чадахгүй үедээ огцом ууртай болдог, нэгэн удаа ийм ууртай үед нь Маогийн дэргэд АНУ-ыг төлөөлөн сууж байсан элчин сайд өртөн элдэв үгээр хараалгуулан загнуулж байсан удаатай гэнэ. Хятадын иргэний дайны үеэр Мао намын нөхөртөө бичсэн захидалдаа “Би маш их идэж бас маш их бие засч байгаа” гэж бичиж байсан нь өтгөн хаталтын асуудалд ямар их анхаарал тавьдаг байсны нэг жишээ. Сталинтай уулзахаар Москвад айлчлах үеэрээ европ маягийн жорлонд дасахгүй, өтгөн нь хатаад хэцүү байна гэж гомдоллож байсан гэнэ.
Иосиф Сталин Зөвлөлтийн удирдлагуудыг зусландаа урин олон цагаар үргэлжилсэн найр явуулдаг зуршилтай хүн байжээ. Найр нь гол төлөв шөнө дундын үед эхлээд үүр цайхад л дуусдаг. Энэ найрын үеэр Сталин ТХ-ын гишүүдийг дарсаар шахах, бүжиглэх, ардын дуу дуулуулах гээд янз бүрээр туршиж үйлийг нь үздэг байж. Сталины дараа Зөвлөлтийн тэргүүн болсон Хрущев хожим нь Сталины тэр найрыг дагасан айдас хардалт, байнгын доромжлол, архидалт эрүүл мэндэд нь асар их хор хүргэсэн гэдэг байж. Югославын Тито ч нэгэн үе энэ найранд уригддаг байсан бөгөөд цугласан хүмүүсийн уухыг гүйцэж уусан гэдгээ харуулахын тулд хундагтайгаа кителийнхээ ханцуй руу сэм асгахаас өөр аргагүй байсан гэж дурсдаг байсан.
Филиппиний дарангуйлагч Фердинанд Маркос ба түүний эхнэр Имельда Маркос нар нь мөн л найр наадах хийж, идэж уух дуртай байж. Мөн дарангуйлагч нарт байдаг зангаараа найрын үеэр ирсэн зочдоо элдвээр доромжилж тавлах дуртай. Нөхрийнхөө төрсөн өдөрт зориулсан үдэшлэгийн үеэр Имельда Маркос нь улсынхаа батлан хамгаалахын бүх удирдлагыг эмэгтэй хүний хувцас өмсөж ирэхийг тушааж байв.
Гитлер нь хамтрагчдаа үдийн хоолонд урих дуртай, хоол идэх үеэр өөрөө цагаан хоолтон тул маханд хүрдэггүй, харин махан хоолонд дуртай бусаддаа зориулан Украины мал нядалгааны газар ямаршуу зүйл болдгийг нүдэнд нь харагдтал ярихад зарим тэслэгүй бөөлждөг байсан гэнэ.
Гэхдээ эдгээр дарангуйлагчдын хооллох, найрлах зуршлыг юу ч биш гэж болно. Учир нь, Төв Африкийн Бүгд найрамдах улсын Жан Бедел Бокасса, Угандын Иди Амин, Экваторын Гвинейн Франциско Нгуема зэрэг дарангуйлагчдыг хүний махан хоол идэх дуртай байсан гэж олон хүн гэрчилдэг. Жишээлэхэд, Бокассагийн хувийн тогооч байсан хүн түүнийг идэх дуртай хүний махаар хийсэн будаатай хуурганы орц, найрлаг, бэлдэх аргыг бичиж үлдээсэн байдаг аж.
Үүнээс гадна дарангуйлагч болгон өөрт нь өгч байгаа хоолыг урьдчилан амсаж, хордуулсан эсэхийг шалгадаг тусгай алба, хүмүүстэй байсан нийтлэг онцлогтой. Гитлер гэхэд 15 эмэгтэй ажилтан бүхий тусгай хэлтэстэй. Тэд өөрт нь өгсөн ямар ч хоол ундыг заавал урьдчилан амсдаг. Амссаных нь дараа эмч нар 45 минутын турш ажиглалт хийдэг байсан байна. Иракийн Саддам Хусейнд ч ийм хүмүүс байсан, түүний хүү Удай Хусейн нэгэн удаа хоол амсагчийг нь буудаж алчихаад шоронд орж байсан удаатай гэнэ. Николае Чаушеску гадаадад айлчлахдаа хоолонд хор байгаа эсэхийг шалгадаг тусгай химичийг заавал авч явдаг байжээ.