УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ танилцуулсан. Нийгмийн даатгалын тухай хууль 1994 онд баталснаас хойш 20 жил болж, энэ хугацаанд уг хуульд 10 шахам нэмэлт, өөрчлөлт оруулсан ч нийгмийн даатгалын одоогийн мөрдөж буй хуулийн зарим зүйл заалт нь өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг зохицуулах боломжгүй болж, практик амьдралд хэрэглэхэд ойлгомжгүй, нөхцөл үүсчээ. Хуулийн төсөл нь нийт 5 зүйлтэй бөгөөд Нийгмийн даатгалын тухайн хуульд 2 хэсэг нэмж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 зүйл, 7 хэсэг, 1 заалтад тус тус өөрчлөлт орж байгаа юм. Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд даатгуулагч ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу нийгмийн даатгалд хамрагдан нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэвэр, тэтгэмж бодоход баримтлах цалин хөлс орлогын хэмжээ өсч, улмаар түүний орлогын баталгаа нь хангагдах боломж бүрдэнэ. Мөн сайн дураар даатгуулагч нь шимтгэл сар, улирал, хагас жилээр төлөх уян хатан нөхцөл бүрдэх зэрэг эерэг үр дүн гарах аж.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараагаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх нь "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.