Т.Жанцан
Хүн, амьтны хамгийн гол хэрэгцээ хоол хүнс. Мөн бие засах юм. Үүнээс гадна эрүүл аюул орчинд амьдрах эрхтэй. Тэгвэл “Дэлхийн 00-ын холбоо”-ноос гаргасан судалгаагаар өнөөдөр хүн төрөлхтөний 2.5 тэрбум нь сайжруулсан ариуйн цэврийн байгууламжийн дутагдалтай байна. Тэдний 1.1 тэрбум хүн ил задгай бие засдаг аж. Ийм учраас байгаль орчин бохирдож сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй улс орнуудад 0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байгаа юм.
Манай улс ч бас сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай орны тоонд орно. Монгол Улсын хүн ам удахгүй гурван саяд хүрнэ. Гэтэл Нийгмийн эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар өнөөдөр 2.1 сая хүн ам сайжруулсан ариун цэврийн байгууламжаар дутагдаж байгаа юм. Тэр дундаа 700 мянга нь ариун цэврийн байгууламжгүй гэсэн судалгаа бий. Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 1.2 сая гаруй нь амьдардаг. Тэдний 63 хувь нь гэр хороололд амьдарч буй. Өөрөөр хэлбэл нийслэлийн гэр хороололд 200 мянга гаруй газар ухаж барьсан нүхэн жорлон байна. Ингээд хоногт 583.2 мянган литр шингэн хаягдал гардаг тооцоо гарсан. Энэ нь хөрс, байгаль орчин, ус бохирдуулж хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулж байгаа билээ. Жишээлбэл, Баянхошуу харьцангуй сүүлд сууршсан гэр хороолол. Гэтэл тэнд ханшаандаа худаг гаргаж ундандаа хэргэлсэн гэр бүлийн зарим гишүүдийн гэдэс өвдөж гүйлгэж эмнэлэгт хандсан тохиолдол гарсан байдаг. Тэдэнд хийсэн шинжилгээгээр гэдэсний савханцар нян илэрсэн аж. Уг худгийн усыг нь буцлагсан савны ёроолд цагаан тундас үүсч байжээ. Тэгэхээр хүн ам шигүү сууршсан гэр хороололд хөрс, ус хэрхэн бохирдож буйн нэг жишээ энэ. Хөрс, ус ингэж бохирдоход зөвхөн нүхэн борлон бус, хүний өдөр тутамын хэрэгцээнээс гардаг ахуйн хог хаягдал ч нөлөөлж буй нь тодорхой.
Энд бүх төрлийн хог хаягдлыг бус зөвхөн хүний бие засах хэрэгцээ, сайжруулсан жорлонгийн талаар өгүүлэх гэсэн юм. Жорлон гэдэг бол хүн дотор нь суугаад бие засдаг кабин биш. Элдэв үнэр танар, ялаа батганагүй, ялгарсан өтгөн шингэнийг нь аюулгүй зайлуулхаар шийдсэн, тав тухтай орчин байх учиртай.
Био технологи өнөөдөр өндөр хөгжиж байна. Олон улсын туршлагаас үзвэл өтгөн шингэнийг нь ялган авдаг эко шийдэлтэй био жорлон ашиглаж буй юм. Ингээд өтгөнийг нь наад зах нь хэргэлсэн цаас, элдэв хог хийлгүй цэврээр нь ялган авч боловсруулдаг болсон. Өөрөөр хэлбэл хүний өтгөн ялгадсаар био хий, компос бордоо, хуурайшуулж түлш хийдэг туршлага гарчээ. Манай орны хувьд компос бордоо хийх нь хамгийн зөв шийдэл хэмээн эрдэмтэн, судлаачид үзэж буй юм. Тэгээд тэр бордоогоо цөлжсөн хөрсийг сэргээх, цэцэрлэгжүүлэлт, уул уурхайн нөхөн сэргээлт, ногоон байгууламжид ашиглах гарц бий хэмээн үзэж байна.
Учир нь амьтны гаралтай ялгас, ургамлын ялзмагт агуулагддаг азот бол хөрсөнд хамгийн шимтэй амин дэм хэмээдэг. Байгаль эх бол өөрөө ийм био бордооны хамгийн том “үйлдвэр” юм. Тухайлбал, намар хагдарч унасан навч, ургамал шороотой холилдож ялзмаг болж хөрсөнд шингэдэг. Байгалийн энэ органик бордоо хөрсөнд тэжээл өгч, механик бүтэц сайжруулна. Өөрөөр хэлбэл хөрсний агаар, чийглэг, сийрэг байх чадварыг нэмэгдүүлдэг билээ.
Иймд хүн, амьтны ялгадсыг байгаль эхийн “үйлдвэрийн” зарчмаар хүний оролцоо, шинжлэх ухаанчаар бордоожуулж ашиглах нь хамгийн зөв шийдэл болж байна. Тэгэхдээ тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангах учиртай.
Францын “Эй Си Эф” хүмүүнлэгийн байгууллага Монгол Улсад 2001 оноос хүнсний аюулгүй байдал, гэр хороололын айл өрхүүдийн ус, ариун цэвэр, эрүүл ахуйг сайжруулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тус байгууллага гэр хорооллын модон жорлонг халах, өтгөнийг нь аюулгүй аргаар боловсруулдаг технологи нутагшуулж буй юм. Ингээд гэр хороололд өтгөн, шингэнийг нь тус тусад нь ялган авдаг 300 гаруй эко жорлон суурилуулжээ. Энэ жорлонгийн өтгөн хураах сав нь 100 литрийн багтаамжтай. Тухайн өрхийн ам бүлийн тооноос шалтгаалж 3-6 сар хэрэглэнэ. Уг жорлонг суллахдаа дүүрсэн савыг нь авч оронд нь хоосоныг өгдөг. Харин жорлон сулласан үйлчилгээнд тухайн өрхөөс 10 мянган төгрөг авдаг байна. Энэ жорлонг ашиглаж өрхүүд хэргэлсэн цаас, элдэв хог өтгөн тосох саванд хийхгүй байх үүрэгтэй.
Суллаж авсан өтгөнөө Эмээлтэд байрлах бага оврын туршилтын үйлдвэрт аваачиж бордоожуулдаг аж. Ингэхдээ өтгөнийг нүүрс төрөгчийн хөөс, сүрэл, модны үртэстэй зэрэг амархан задардаг органик хаягдалтай хольж дулаан, чийгийг нь тохируулаад гурван сар боловсруулж бордоо гарган авдаг. Энэ хугацаанд долоо хоног бүр шинжилгээ хийнэ. Бордоожуулах явцад 70 хэм хүртэл халаах бөгөөд хөрсөнд ашиггүй өвчин үүсгэгч бүх нян бактер, үнэ танар нь арилдаг гэж уг төслийг хэрэгжүүлэгчид хэлж буй юм. ДЭМБ-аас гаргасан зааварчилгаанд ийм компос бордоо гарган авхад 60 дээш хэмд байлгахыг зөвлөдөг ажээ. Уг бордоо ургамлын ургалтад хэрхэн нөлөөлж буйг судалсан ХААИС-ийн эрдэмтэд ч батлаж байгаа. Уг төслийнхөн одоо стандарт гаргахаар мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллаж байна. Энэ оны өмнө стандарт нь гарах ажээ.
Эрүүл ахуй эмч, шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн зөвлөх Ш.Үдэнбор дээрх стандартыг гаргах багт ажиллаж буй юм. Тэрээр “Хүн, амьтны өтгөнийг бордоожуулах хүний амьдрах орчин, байгаль дэлхий гээд аль аль талдаа ашигтай. Өтгөн хаягдлаасаа салах хамгийн шилдэг зөв шийдэл юм. Манай улсад энэ аргыг туршин үзэж байна. Хүний өтгөн боловсруулж гарган авсан бордоо аюулгүй, ургамлын ургалт, хөрсөнд өгөх үржил шим сайн байгааг манай эрдэм шинжилгээний байгууллагууд судалж тогтоосон. Өнөөдөр ямар нэг ургамал тарьхад химийн бордоо их хэрэглэж байгаа. Гэтэл химийн гаралтай бордоог хэдий хэмжээгээр хэрэглэнэ тэр хэрээр хөрсний үржил шим мууддаг. Химийн бордоо нь хөрсөнд ашигтай нян, шавьжийг нь устгадаг юм. Иймд өтгөнийг бордоожуулахдаа стандарт сайн барих нь чухал. Нийслэлийн гэр хорооллын жорлонгоос ангижрах хамгийн сайн арга бол био бордоо хийх явдал юм” гэж байна.
Францын “Эй Си Эф” хүмүүнлэгийн байгууллагын Орчны ариун цэврийн хэлтсийн менежер Ц.Батцэрэнгээс хүний өтгөнөөр компос бордоо хийх төслийнх нь талаар тодруулсан юм. Тэр “Францын талаас хөрөнгө санхүүгээр дэмжиж энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Манай улсын эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллагууд, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, их дээд сургуулиуд дэмжиж хамтран ажилладаг. Тэд өөр өөрийн мэргэжил, судалгаа ажил үүргийнхээ хувьд нийслэлд хөрсний бохирдол, иргэдийн амьдрах орчин ямар байгаа болон хүн амын тулгамдсан асуудлыг сайн мэддэг тул бидний ажлыг ойлгож хүлээн авч байна. Харин хотын захиргаа, шийдвэр гаргах түвшинд бид хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Тэд биднээс энэ чинь баталгаатай юу, стандарт байна уу гэж тодорхой шалгуур шаарддаг. Үүнийг бид биелүүлж байгаа. Нөгөө талаар гэр хорооллыг тэртэй тэргүй барилгажуулна гэсэн хандлага бий. Мөн айл өрхүүд гадаа биш гэртээ боловсон жорлонтой байхыг сонирходог. Үүнээс арай өөр шийдэл байна уу гэдэг. Гэтэл үүнээс өөр хялбар аргаар шийдэх технологи одоохондоо алга. Гэр хорооллыг бүгдийг нь барилгажуулна гэвэл асар их хөрөнгө, цаг хугацаа гээд олон зүйл шаардана. Энэ бүгд асуултын тэмдэгтэй байхад эко жорлон, өтгөнийг бордоожуулж хүн амын эрүүл орчинд амьдрах технологи нэвтрүүлж яагаад болохгүй гэж. Цаашдаа хүн ам хурдтай өсч, хот суурин газар тэлж буй өнөө үед сайжруулсан жорлонгийн асуудлаа оновчтой шийдэхээс өөр аргагүй. Иймд био технологийн дээрх аргад шилжих байх гэж бодож байна” гэсэн билээ.
Эндээс үзэхэд модон жорлон олонтой ариун цэврийн нэгдсэн системд холбоход өндөр зардалтай манай орны хувьд компос бордоо үйлдвэрлэх аргаар хөрсний бохирдол, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдүүлэх нэг гарц болж байгаа юм. Нэг ёсондоо хүний өтгөнийг биологийн аргаар бордоожуулах нь хамгийн бага зардалтай, өтгөн хаягдлыг хялбар, байгальд ээлтэйгээр шийдэх арга манайд нэвтэр байна. Дэлхийн олон улс оронд энэ аргыг аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн. Гэвч тухайн технологийг нэвтрүүлхэд зан заншил, соёлын ялгаа, ариун цэврийн байгууламждаа хэр зэрэг ач холбогдол өгч сурсан эсэх зэрэг олон бэрхшээл тулгамдаж байжээ.
Тэгвэл Монгол хүний сэтгэлгээ, амьдралын хэв маяг үүнтэй зохицохгүй байх талтай. Өөрөөр хэлбэл бохир ажил гээд тоохгүй, өтгөнөөрөө бордоо хийгээд ашиглана гэхээр сэтгэлд нь буухгүй байх тал бий. Үүнээс гадна улс орны бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдаас ихээхэн зүйл шалтгаална. Гэвч өнөөдөр бид модон жорлонгоос гадна ил задгай бие засч түүгээр бохирдсон тоостой агаараар хээв нэг амьсгалан амьдарч байгаа гэдгээ ухаарах ёстой. Тэр бохирдсон хөрс шороон дээр нь үр хүүхдүүд маань тоглож наадан өсч өндийж байна гэдэг нь эмгэнэл юм. Хамгийн гол нь өнөөдөр хөрс бохирдуулагч, өвчин түгээгч модон жорлонгоос хэрхэн ангижрах, байгаль орчинд хэрхэн ээлтэйгээр ялгадасаа хаях вэ гэдэг оновчтой шийдэл монголчууд бидэнд хэрэгтэй байна.