МУГЖ дуучин самандын Жавхлан шинэ жилийн ямар нэг арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Эдийн засаг хямралтай байгаа энэ үед олон сая төгрөгийг ууж идэхэд зарцуулахыг хувьдаа дэмжихгүй гэнэ. Нийгмийн олонхи нь эмзэг ядуу байхад баяр тэмдэглэх нэрийдлээр архидан согтуурах нь мөнгийг үргүй урсгахаас гадна муу зүйл дагуулах нь дамжиггүй. Тиймээс баярын ямар нэг арга хэмжээнд оролцохгүй гэлээ. Харин хямралтай энэ үед хоногийн хоолоо ч олж чадахгүй арай ядан амь зогоож байгаа эмзэг бүлгийн иргэд олон байгаа тул тэдэнд туслах гэнэ. Тэрээр шинэ жилийн баярын арга хэмжээнд оролцохгүй ч эмзэг бүлгийнхэнд зориулсан хандивын тоглолт хийхээр болжээ. Хандивын тоглолт энэ сарын 11-нд 19 цагаас Монгол Бөхийн өргөөнөө болох аж. Тэрээр, “Монголд ардчилал биш, “монголчлол” хэрэгтэй. Бие биенээ хайрладаг халуун сэтгэлтэй монголчлол хэрэгтэй байна. нэг өрхийн нэг жилийн хэрэглээгээр нэг орой тансаглахын оронд тэр мөнгөөрөө эмзэг хэсэгтээ тусламж үзүүлцгээе. Найрнаас татгалзаж чадах “монголчлол” монгол сэтгэхүй бидэнд бий. Нутаг нутгийн зөвлөлүүдэд үүнийг бас уриалж байна. Ялангуяа идээд цаддаггүй, хуйвалдаж найрлаж ханадаггүй ихэс дээдсүүд шинэ жилийн баяр хийхийг эрс эсэргүүцэж байна. тэр мөнгөө тойргийнхоо өлсч цангаж буй иргэдэд өг. Улаанбаатар хотын гудамжаар хоосон ходоодтой яваа хүүхдүүдэд тараа” гэв.
Монголчуудын тал хувь нь энд тэнд өлсч байхад Жавхлан энд тэнд очоод хундага тулгаад найр хөгжөөгөөд дуу дуулаад явж чадахгүй гэнэ. Урлагийнхан болон аж ахуйн нэгжүүдэд ч баяр тэмдэглэхгүй байхыг уриалсан юм. харин сургууль цэцэрлэгийн хүүхэд багачууд гацуурын баяраа сайхан тэмдэглэж өнгөрүүлэхийг хүсье гэлээ. Үүнийг учрыг тэрээр “Хүүхэд бол ариухан амьтад. Тэд архи уухгүй. Идээд идээд чадахгүй амьтад биш. Их мөнгөөр баярлахгүй. Хүүхдэд хэзээ ч буруу байхгүй. Тиймээс хүүхдүүд баяраа хөөрхөн тэмдэглэх хэрэгтэй. Тэд бидний ирээдүй. Бид тэднийгээ үзээд бид баясчих юм биш үү” гэлээ. “Монгол өлсөх учиргүй” тоглолтын орлогоор Увс аймгийн тасалбараар хоолоо иддэг эмзэг бүлгийн 390 өрхөд хандивлах юм байна.